“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ” өнөөдөр (2023.09.05) хэвлэлийн хурал хийж Засгийн газар болон холбогдох яамдад шаардлага хүргүүллээ. Тодруулбал, 
Улсын төсвийн хөрөнгө оруулалттай барилга угсралтын ажил гүйцэтгэж байгаа компаниудын төсөвт өртөг нь хүрэхгүйн улмаас үйл  ажиллагаа нь зогсож асуудал хэзээ шийдэгдэх нь тодорхойгүй байгаа аж.
Энэ талаар барилгын компаниудын төлөөлөл дараах мэдээллийг өглөө.
“УИХ ын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 88-р тогтоолын 5-д “Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжих төсөл, арга хэмжээ, барилга байгууламжийн төсөвт өртөгт магадлал хийх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуул” гэх ажил нь хэрэгжихдээ БХБЯ-ны сайдын 2022 оны 4-р сард гарсан 75-р тушаалаар Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжих барилга байгууламжийн төсөвт өртгийн /барилгын материалын үнэ/ өөрчлөлтийг тооцох түр журам” баталж зөвхөн материалын үнийн зөрүүд магадлал хийгдсэн нь маш буруу шийдвэр байсан.
Цаашилбал, 2009 оны хэрэгжиж байсан хөдөлмөрийн хөлсний хэмжээгээр одоогийн нөхцөлд ажил явуулах ямар ч боломжгүй байгааг хэллээ. Олон жилийн өмнөх цалингийн хэмжээгээр тооцож нэг туслах ажилчныг 19,000 төгрөгөөр цалинжуулах шаардлагыг төр бидэнд тулгаж байна. Өнөөдөр хамгийн багадаа 70,000 төгрөгийг цалинг өгөх ёстой. Ингээд бодохоор 50.000 төгрөгийн алдагдлыг тухайн компани үүрч байгаа юм. Энэ байдал хэзээ арилахыг асуухаар “Чадна гэж ажил авчхаад одоо ингэж болохгүй. Ажлаа хурдан дуусга гэдэг” ажилчдынхаа цалинг өгөх гэж зээл тавьсаар өрөнд орж утсаа ч авч чадахгүй явж байна” гэсэн юм. 
“Хөгжлийн төлөө барилгачдын нэгдэл ТББ”-ын Засгийн газарт хүргүүлж буй шаардлага нь:
“Бид хөлс хүчээ шавхан төрийн захиалгат ажил хийгээд өндөр хүүтэй өр зээлийн дарамтад орж, дампуурч, төрд итгэх итгэлгүй болж байна. Монгол улсын Засгийн газрын 2023 оны 08-р сарын 09-ны өдрийн “Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын ажлыг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай 290” дугаартай тогтоолын хүрээнд зөвхөн боловсролын яамны захиалгатай ажлуудыг магадлах тухай шийдвэр гаргасан нь шудраг бус бөгөөд бусад яамдын хөрөнгө оруулалтын ажлуудыг мөн адил хамруулахыг шаардаж байна.
Нэг загварын зургаар нэг аймагт хийгдэж байгаа хоёр ажил зөвхөн нэг сайдын тушаалын зөрүүтэй заалтаас болж 600 сая төгрөгийн алдагдалд орж байна. Хэзээч төрийн бодлого улсын төсвийг бүрдүүлдэг олон мянган ААН-үүдээ ялгавартай байдал үүсгэж болохгүй.
Тухайн тушаалд үлдэгдэл ажлыг магадлахыг холбогдох сайдад үүрэг болгосныг эсэргүүцэж байгаа бөгөөд УИХ-н 2022 оны 11-р сарын 12-ны өдрийн 88-р тогтоолын хэрэгжилтийн явц дахь гажуудлыг засаж 2021 оны 01-р сарын 01-ны өдрөөс хойших ажлуудыг магадалж өгөхийг шаардаж байна.
Энэ хэвлэлийн хурлаар Монгол улсын ЗГ-ын 290-р тогтоолыг дагуулж нэмэлт өөрчлөлт оруулан ЭМЯ, Соёлын яам, Биеийн тамир спортын хорооны захиалгат ажлуудад магадлал хийхийг шаардаж байна.  Бидний шаардлагын хариуг 48 цагийн дотор өгнө үү.
Шаардлагын хариу хугацаандаа ирээгүй болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой мэдэгдэхгүй бол тэмцлийн дараагийн хэлбэрт шилжинэ гэдгийг онцоллоо. 
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу