“Нью-Йорк Таймс” сонин “БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-д айлчилж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байна” гэж АНУ-ын нэрээ нууцалсан албаны эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун энэ сард ОХУ-д очиж, Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаа талаар АНУ болон холбоотон орнуудын албаныхан ч мэдэгдсэн байна.

Хэвлэлийн эх сурвалжийн мэдээлснээр, айлчлалаар “ОХУ-д нэмэлт зэвсэг нийлүүлэх” болон цэргийн хамтын ажиллагааны талаар ярилцахаар төлөвлөжээ.

Тус сонины сурвалжлагч нар Ким Жон Ун яг хаашаа явах талаар хэд хэдэн таамаг дэвшүүлжээ. Нэг хувилбар нь, Владивосток хот бөгөөд тэрбээр Оросын удирдагчтай Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр уулзах боломжтой аж.

Албаны зарим хүмүүс “Хойд Солонгосын удирдагч Номхон далайн флотын хөлөг онгоцны бэхэлгээний талбайд зочилно” гэж үзэж буй юм байна. Бусад нь түүнийг Амур муж дахь “Восточный” сансрын буудал, Москвад очиж магадгүй гэж таамагласан байна.

NYT-ийн эх сурвалжууд “Хэрэв Ким Жон Ун Приморийн нийслэлд зочлохоор шийдсэн бол хуягт галт тэргээрээ зорчих магадлал өндөр байна” гэж мэдэгджээ.

БНАСАУ-ын удирдагч 2019 оны дөрөвдүгээр сард Владивостокт хуягт галт тэргээ хөлөглөн очсон билээ. Энэхүү айлчлал түүний 2011 онд төрийн эрхийг авснаас хойш Орост хийсэн анхны айлчлал нь байв.

Пёньян, барууны улстөрчид болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн Москвад зэвсэг нийлүүлэх тухай мэдэгдлийг удаа дараа няцаасаар ирсэн. БНАСАУ-ын ГХЯ-ны төлөөлөгчийн хэлснээр, тус улс Оростой хэзээ ч ийм гэрээ хэлэлцээр хийж байгаагүй бөгөөд энэ тухай мэдээллийг “утгагүй цуурхал” гэж мэдэгдэж байв.

Үүнээс гадна БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны АНУ-ын хэрэг эрхлэх газрын дарга Квон Жонг Гэн “Вашингтон “БНАСАУ, ОХУ-ын хооронд байгуулсан зэвсгийн наймаа” гэсэн үндэслэлгүй мэдээлэл тарааж буй нь Украинд цэргийн тусламж үзүүлж байгаагаа зөвтгөж буй тэнэг оролдлого” гэж онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч Мария Захарова “Москвад Пёньян, Тегеран зэвсэг нийлүүлж буй тухай “зохиомол мэдээлэл”-ийг Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цацсан” гэж мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: RIA NOVOSTI, NEW YORK TIMES
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Тэгээд яадын барууны үмхийрсэн ал бомбоонуудаа энэ хоёр гар Чингисийн хүрээний жуулчны баазад 3 дахь удаагаа тасраад байна хохь чинь точикнуудах

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу