Драгон төвд түрээсийн үйл ажиллагаа явуулдаг иргэдийн төлөөлөл өнөөдөр /2023.09.05/ мэдээлэл хийж, тус төвийг нүүлгэсний цаана Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, “Номин”-гийн Ш.Баярсайхан нарын эрх ашиг бий гэж хардаж буйгаа илэрхийлсэн.

Тэдний төлөөлөл “Драгон худалдааны төвд 2,000 түрээслэгч бий. Үүний ард байдаг олон хүний амьдрал ЗТХ-ийн сайдын гаргасан шийдвэрээс болж, хүнд боллоо. Бид авто вокзалыг дагаж амьдрал ахуйгаа авч явдаг жижиг бизнес эрхлэгчид. С.Бямбацогт сайд огцом шийдвэр гаргаж, бидэнд сануулалгүйгээр автовокзалыг нүүлгэсэн. Тендер зарлалгүйгээр Номингийн агуулах руу нүүлгэх шийдвэр гаргасан” гэсэн юм. 

Тэгвэл Зам, хөгжлийн сайд С.Бямбацогт энэ асуудлын хүрээнд өөрийгөө шалгуулахаар АТГ-т хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ.

Тэрбээр “Зам Тээврийн Хөгжлийн сайдын хувьд зам тээврийн салбар, тэр дундаа төмөр зам, авто тээвэртэй холбоотой олон жил бугшсан хулгай луйврын асуудалтай тууштай тэмцэж буй минь олон хүний амин хувийн эрх ашиг, ашиг хонжоо олох гэсэн бусармаг үйлдэлд саад тотгор болж, хулгайн мөнгө, эрх мэдлээ алдахгүй гэсэн этгээдүүд зохион байгуулалттайгаар худал мэдээлэл гарган, гүтгэн гүжирдэх явдал хэрээс хэтэрлээ.

Мөнгөний боол болсон увайгүй нөхдийн захиалгаар сэтгүүл зүйн нэр барьсан ичгүүр сонжуургүй хэсэг этгээд намайг Сонгинохайрхан зорчигч үйлчилгээний төвийг албаны эрх мэдэл, давуу байдлаа ашиглан нүүлгэн шилжүүлсэн мэтээр улангасан гүжирдэж буй нь ор үндэслэлгүй болохыг мэдэгдье.

Миний хувьд АТҮТ хуулиар тогтоосон чиг үүргийнхээ хүрээнд бие дааж гаргасан шийдвэрт ямарваа нэг байдлаар хөндлөнгөөс нөлөөлж оролцсон, элдэв гэрээ байгуулсан, хувийн ашиг сонирхолд хөтлөгдсөн зүйл байхгүй тул уг асуудлаар АТГ-т хандаж шалгуулах болсноо мэдэгдэж байна.

Мөн зориуд зохион байгуулалттай, захиалгатай гүтгэлгийн чанартай мэдээлэл тарааж буй этгээдүүдийг хууль хяналтын байгууллагад өгч шалгуулан нэр төрөө сэргээлгэх болно.

Хууль зөрчсөн бол би хариуцлага хүлээе. Хүн гүтгэсэн бол энэ нөхөд хариуцлага хүлээх ёстой” гэжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу