Сонгинохайрхан дүүргийн 26-р цэцэрлэгийн туслах багш хүүхэд зодсон талаар нэгэн иргэн өчигдөр цахим хуудастаа нийтэлсэн билээ. (Нийтлэлийг энд дарж харна уу) 

Тодруулбал, тэрбээр “Дүүгийн маань хоёрхон настай нялх үрийг ийм болтол нь зодчихоод энийгээ санаандгүй чанга барьчихсан чинь ийм болчихсон гээд худлаа уучлалт гуйсан болоод өнгөрнө гэж бодоо юу. Далнаас барина гэж юу байдаг юм бэ. Барих боломжгүй газар байхад чанга барьчихсан ч гэх шиг.

Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар цэцэрлэгийн туслах багш гуай давраад байгаарай. Зохих газарт нь гомдол гаргана гэж мэдээрэй. Энийг бол би хүүхэд зодсон гэж хэлнэ. Ганц алгадахад ч ийм болохгүй байх шүү. Энгэртээ Алдарт эхийн 1, 2-р одон гялалзуулчихаад, нялх амьтныг ийм болгох сэтгэл бас байх аа. Арай ч дээ” хэмээн бичсэн байв.

Уг хэрэг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг тогтоохоор Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн I хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж эхэлжээ. Улмаар цэцэрлэгийн камерын бичлэгийг шүүж үзэхэд тухайн үед багш хүүхдийг унтуулахаар хэвтүүлэхдээ зодож байгаа нь бичигдсэн байна. 

Энэ талаар 26 дугаар цэцэрлэгийн эрхлэгч “Тухайн багш хүүхдэд гар хүрсэн нь нотлогдлоо. Шинжээчийн баг ямар дүгнэлт гаргахаас хамаарч дараагийн арга хэмжээг авна. Манай багшийн буруутай үйлдэл гэдэг нь тодорхой боллоо. Эцэг, эхээс нь уучлалт гуйя” гэжээ. 

Хохирогч хүүгийн ээж хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Камерын бичлэгийг үзлээ. Хүүг маань зуураад, савж унагааж байна. Ийм явдал болно гэж санасангүй. Тэр багш санамсаргүй ийм болгосон гэж хэлсэн болохоор түүнд итгэсэн. Адилхан олон хүүхэдтэй эмэгтэй хүн болохоор гомдолгүй гэж мэдэгдэж байсан юм. 

Хүүхдээ цэцэрлэгт нь явуулдгаараа явуулна. Гэхдээ энэ багштай байлгамааргүй байна” гэсэн байна.

             Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу