Цэцэрлэгийн наснаас сургуулийн орчинд шилжин суралцаж байгаа багачуудаас эхлээд өсвөр насныхан, төгсөх ангийн сурагчдын сэтгэл зүйн нийтлэг асуудлыг анзааралгүй өнгөрөөх нь хүүхдэд сөрөг нөлөөтэй юм.

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн насны хүүхдийн сэтгэлзүйн түгээмэл асуудлуудыг хөндөж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн харъяа Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйч О.Цэцэгдарьтай ярилцлаа.

-Танд өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө сургуулийн насны хүүхдэд түгээмэл ажиглагддаг сэтгэл зүйн ямар асуудал байдаг вэ?

-Ихэвчлэн тохиолддог асуудал нь шилжих хөдөлгөөний үед үүсдэг. Жишээлбэл, нэгдүгээр ангид анх орох, бага ангиас дунд ангид шилжих, ахлах ангиа төгсөх, эсвэл өөр сургууль, суурьшлын бүс рүү нүүх гэх мэт. Энэ бүх хөдөлгөөнд хүүхэд цочирдож, бачимдаж, стресстэж эхлэх нь түгээмэл ажигладаг. Мэдээж энэ бүхэн хүүхэд хоорондын болон гэр бүлийн харилцаанаас шууд хамааралтай.

Дунд ангийн сурагчдын хувьд гэхэд ганц багш бүх хичээл заадаг байснаа олон багш олон хичээл орж эхлэхэд ойлгодог байсан зүйл нь өөрчлөгддөг. Ингэснээр зарим тохиолдолд хоцрогдолд орох, багштайгаа чөлөөтэй харилцаж чадахгүй болох, амждаг байсан зүйл нь амжихгүй болох гээд маш олон асуудал тухайн хүүхдэд үүсдэг.

Энэ үед хүүхэдтэй маш сайн ярилцаж, тусалж байх нь чухал юм. Гэр бүлийн хувьд ч, сургуулийн хувьд ч ялгаагүй. Аав, ээж нь хоёулаа ажилдаа яваад, оройтож ирдэг. Ирээд хоолоо идээд, даалгавраа хийсэн эсэхийг асууна. Дараа нь утсаа оролдож байгаад унтаж амардаг. Энэ мэтчилэн гэр бүлийн харилцаа нь өрнөдөг хүүхэд сэтгэл санааны хувьд олон өрнөл дунд ядарч эхэлдэг.

-Төгсөх ангийн сурагчдын хувьд мөн сэтгэл зүйчид ханддаг түгээмэл асуудал нь юу байдаг вэ?

-Өсвөр насны сурагчдын үерхэл нөхөрлөл, найз нөхдийн асуудал мэдээж хамгийн чухал нь байдаг. Тэдний нийгмийг ойлгох ойлголт бүрэлдэж бие биедээ итгэж эхэлдэг нас юм шүү дээ. Бага, дунд ангид байсан жилүүд нь маш хурдан өнгөрөөд нэг мэдэхэд л төгсөх болчихсон, мэргэжлээ сонгох болчихсон байх шиг санагдах нь ч түгээмэл. Ингэснээр гэнэтийн олон асуулт, бодол толгойд нь бий болно. Мэдээж энэ бүхнээ ар гэрийнхэндээ ний нуугүй хэлж чаддаггүй. Найз нөхдөдөө итгэж хэлж, ярилцдаг.

Гэвч шилжилт хөдөлгөөн юм уу, ар гэрийн байдлаас үүдэн тийм ч нээлттэй байх нь ховор. Учир нь өсвөр насны хүүхэд асуудлыг өчүүхэн хүндрэх төдийд эмзэгээр хүлээж авдаг. Бага наснаас нь эхлээд харилцааны хувьд нээлттэй, харьцангуй тогтвортой хөгжүүлж ирсэн бол асуудал тэгтлээ хүндрэхгүй юм.

Үерхэл нөхөрлөлийн хувьд ч чөлөөтэйгөөр гэрийнхэндээ, найз нөхөдтэйгөө ярилцахыг хүсдэг. Энэ бүгдийг илэрхийлэх чадамж нь хүүхэд бүрд өөр учраас төрөл бүрийн үйл хөдлөл, зан ааш гаргаж эхэлдэг. Тэр болгон дээр үглэж, зандарч, уцаарлаж болохгүй. Бас өөрийнхөөр нь хэтэрхий чөлөөтэй, хараа хяналтгүй байлгаж ч болохгүй. Бүх зүйлд тэнцвэртэй хандах, аргыг нь олох үүрэг эцэг эх, найз нөхөд, багш нарт оногдож байдаг.

-Өсвөр насныхны хувьд сэтгэл зүйгээ тогтвортой байлгах, харилцааны хувьд нээлттэй байх арга замуудын талаар та зөвлөгөө өгөхгүй юу?

-Хүүхэд бүр нээлттэй байх албагүй шүү дээ. Тэд өөрсдийн хүссэн харилцаанд орох эрхтэй. Харин эцэг эх, асран хамгаалагчийн хувьд зөвхөн эд материал, байр орон, өмсөх хувцсаар халамжлах бус, сэтгэл зүйн хувьд хийж болох бүхий л харилцааг бий болгох хэрэгтэй. Дуртай зүйлийг нь хамт хийх, сайн найзынх нь тухай ярилцах, гэр бүлийнхээ тухай дурсамж болон ирээдүйн талаар төсөөлөх гэх мэт маш олон арга зам байдаг.

Тухайн сурагч ямар нэг шалтгаанаар сэтгэл зүйн хямралд орлоо гэхэд хамгийн түрүүнд анзаарч мэдэхийг хичээх хэрэгтэй. Хэрэв анзаарахгүй бол хүүхэд байдлыг улам бүр хүндрүүлэн хүлээж авсаар байх болно.

Гэр бүлийн орчинд бол мэдээж яриулах нь хамгийн чухал алхам. Хүсвэл сурагч өөрөө сэтгэл зүйгээ тайвшруулах ч боломжтой. Сүүлийн үед түгээмэл болоод буй урлагаар тайвшруулах аргууд мөн бий. Дуртай дуугаа сонсох, усан будгаар зураг зурах, шавар баримал хийх, ууланд алхах, тэмдэглэл хөтлөх гэх мэт олон арга байдаг. Мэдээж тухайн хүүхэд эхний алхмыг өөрийнхөө сонголтоор хийж, түүний дараа багш, эцэг эх туслах ёстой. Энэ бүх үед өөрийнх нь сэтгэлийг сонсохыг л хичээх хэрэгтэй.

Мөн сэтгэл зүйчид хандах нь эерэг үр дүн үзүүлдэг. Сүүлийн үед энэ тал дээр харьцангуй мэдээлэлтэй болсон учраас сэтгэлзүйн эмчилгээ авах нь ихсэж байгаа. Шүд өвдөхөөр шүдний эмч дээр очдог шиг сэтгэл өвдөхөд сэтгэл зүйчид очих нь нийгмийн эрүүл үзэгдэл гэж болно. 

-Сургуулийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн хариуцлагын талаар та ямар бодолтой явдаг вэ?

-Бүх зүйлийг сургуулийн орчинд даатгаад үлдээх нь буруу хандлага. Сургуулийн орчин хэдий сайхан, найз нөхөд нь ч ойлгодог байлаа гээд гэртээ хариад, дуугаа хурааж ганцаарддаг бол асуудал үүсэж эхэлж байна гэсэн үг. Мэдээж сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл зүйч ажиллаж, аль болох бүх хүүхдэд хүрч ажиллахыг хичээдэг.

Сургалтын хөтөлбөрт тодорхой хичээл сургалт, арга хэмжээг түлхүү тусгаж, нийгмийн болон сэтгэл зүйн асуудлыг шийдэхийг эрмэлздэг. Гэвч эцэст нь ар гэрийн, найз нөхдийн харилцаа нь хүүхдийн сэтгэл зүйд хамгийн их нөлөөлдөг. Тийм учраас эцэг эхчүүдийг ажлаасаа, гар утаснаасаа, асуудлаасаа илүү хүүхдэдээ цаг гаргаасай гэж хүсэж байна. Бид сэтгэл зүйн хувьд эрүүл ирээдүй бүтээх үүрэг хариуцлага хүлээж буй хүмүүс гэдгээ ухамсарлах хэрэгтэй. 

-Бидэнтэй ярилцсанд баярлалаа.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу