Гэрийн эзэн С.Мянгандаш, гэргий М.Оюухай. Тэд 2008 онд Хөдөө аж ахуйн их сургуульд суралцаж байхдаа танилцжээ. Түүнээс хойш үерхэж, дотноссоор 2014 онд анхны хүүхдээ өлгийдөн авсан байна. 2017 онд ихэр охидтой болж, гурван жилийн дараа дахин ихэр төрүүлжээ. Одоо тэд Хүсэл-Эрдэнэ, Амин-Эрдэнэ, Нандин-Эрдэнэ, Гал-Эрдэнэ, Чамин-Эрдэнэ гээд “Таван Эрдэнэ”-тэйгээ хайраар бялхаж амьдарч байна. 

Тэд амралтын өдрүүдээ агаарт өнгөрүүлэхээр зуслангийн байшиндаа очдог ажээ. Манай Dobu.mn сайтын сурвалжлах баг энэ үеэр нь очиж, ярилцан, үзэгч, уншигчдадаа хайр цацруулсан дулаахан яриа хүргэхийг хүссэн юм.

“Одоо хаана явж байна вэ” хэмээн утас цохисоор гэрийн эзэн биднийг угтан авлаа. С.Мянгандаш “Оюутолгой”-д ахлах инженер хийдэг ажээ. 14 хоног ажиллаад, 14 хоног амардаг. Ажилдаа явсан 14 хоногт хүүхдүүд нь араас нь утасдаж, “Одоо 13 хоног үлдсэн шүү” гээд, хоног тоолон хүлээдэг гэнэ. 

Түүний гэргий М.Оюухайгаас “Бага ихэр нь жаахан юм байна. Та хүүхдүүдээ хардаг уу” гэвэл “Би хамт олонтойгоо байдаг” гээд инээд алдана. Дунд ихрүүд энэ жил сургуульд оржээ. Тиймээс тэр хоёр багаа цэцэрлэгт нь зөөнө, гурван томоо сургуульд нь хүргэж, авдаг. Түүний нэг өдөр нүд ирмэхийн зуур өнгөрдөг аж. 

С.Мянгандаш, М.Оюухай нар хоёул ихрийн удамтай. Анхны хүүгээ өлгийдөн авахдаа нулимс дуслуулж байсан тэд дараагийн хүүхдээ ихэр гэдгийг мэдээд, “шок”-нд орж байжээ. Ихэр хүүхэдтэй болно гээд баярлаж, хөөрөөд байснаас биш хүүхдүүдээ өсгөхөд хэр байх талаар огт бодож байгаагүй аж.

М.Оюухай “Бид анх ихэр хүүхэдтэй болсноо сонсоод, “шок”-нд орсон. Тэрхэн зуур бие бие рүүгээ гайхаж харснаа учиргүй их баярлаж билээ. Тухайн үед ихэр хүүхэдтэй болно гээд баярлаж байснаас биш асаргаа сувилгаа, хүүхдүүддээ зарцуулах цагаа огт бодож байгаагүй” гэлээ.

С.Мянгандаш түүний яриаг үргэлжлүүлэн “Би хөдөө ажилладаг, ээлжийн ажилтай болохоор эхнэр маань хүнд ачаа үүрч байсан. Тэр үед хадам ээж, эгч гээд олон хүн тусалж, хүүхдүүдийг минь өдий зэрэгтэй болгосон доо. Хүмүүсийн буянаар хоёр охиноо өсгөсөн.

Дараагийнхаа хүүхдийг хоёр ихэр гэдгийг мэдэх маш сонин байсан. Эхнэр маань жирэмсэн болоод, бид хамтдаа эход харуулахаар эмчид үзүүлсэн юм. Гэтэл эмч нь инээгээд л байсан. “Яагаад инээгээд байгаа юм бэ” гэтэл “Дахиад хоёр ихэр байна” гэсэн. Эмчдээ үзүүлж гарчихаад, бие бие рүүгээ харж хэсэг хугацаанд зогсож билээ.

Бага ихрүүд маань ковидын үед төрсөн учир харьцангуй амар өссөн” хэмээн ихрүүдтэйгээ “танилцсан” дурсамжаасаа хуваалцлаа. 

Долуулаа хамт гадуур явна гэдэг бол ээж, аавын хамгийн хүнд “даваа”. Бага ихрүүд сахилгагүйтэнэ. Нэг удаа хамт явахдаа бага ихрийн нэг болох Гал-Эрдэнэ хүүгээ алдах дөхсөн гэнэ. Мөн тэднийг ихрүүдээ жаахан байхад нь тэргэн дээр суулгаад, гадуур явахад өрөөсөн гутлыг нь хүмүүс нууцаар аваад явсан тохиолдол олон гарч байжээ. 

Энэ мэт тэдний хөгжилтэй дурсамж, хүүхдүүдээ ямар хүн болгож хүмүүжүүлэхийг зорьдог, хоорондын харилцаандаа юуг чухалчилдаг талаарх ярилцлагыг доорх бичлэгээс дэлгэрэнгүй үзээрэй. 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу