АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен есдүгээр сарын 6-ны Лхагва гарагт Киевт айлчлах юм байна. Энэ талаар Украины “Зеркало недели” сонин дипломат эх сурвалжийн мэдээллээс иш татан уламжилжээ.

Тус хэвлэл Блинкений айлчлалын хөтөлбөр болон Америкийн дипломат албаны тэргүүн Украины удирдлагатай ямар асуудал хэлэлцэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл бичээгүй байна.

Блинкен хамгийн сүүлд жилийн өмнө буюу 2022 оны есдүгээр сард Украинд айлчилж байв. Улмаар Ирпинд очиж, Оросын түрэмгийлэлд өртсөн хүүхдүүдтэй эмнэлэгт уулзжээ. Мөн тэрбээр 2022 оны дөрөвдүгээр сард Пентагоны тэргүүн Ллойд Остинтэй хамт Киевт айлчилсан. Энэ үеэр тэд Украинд шаардлагатай орчин үеийн зэвсэг нийлүүлэх, АНУ-аас үзүүлэх цэргийн шинэ тусламжийн асуудлыг хэлэлцжээ.

ОХУ-ын түрэмгийллээс эмээж буй Украины засгийн газар болон бүс нутгийн бусад орнуудад АНУ-ын албаны хүмүүс 713 сая ам.долларын тусламж үзүүлэхээ амлаж байжээ.

Эх сурвалж: ZN.UA, TASS, TELEGRAF
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу