Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад явагдаж буй энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа Монгол Улсын Зэвсэгт хүчний 12 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнд НҮБ-ын медаль, цэргийн багийн дурсгалын медаль гардуулах ёслолын ажиллагааг энэ оны наймдугаар сарын 23-ны өдөр ёслол төгөлдөр зохион байгууллаа. 

Энэхүү ажиллагааны үеэр уригдан ирсэн хүндэт зочид, төлөөлөгч, цэргийн багийн бүрэлдэхүүнд жагсаал, гардан тулааны үзүүлэх тоглолт, урлагийн тоглолтыг сонирхуулан, НҮБ-ын цэргийн хүчин, Монгол цэргийн мэргэжлийн ур чадвар дадлага, туршлагыг сурталчилжээ.
НҮБ-ын медаль гардуулах ёслолын ажиллагааны үеэр “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманиан бие бүрэлдэхүүнд баяр хүргэж хэлсэн үгэндээ,
“Монголын батальон бол Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад үүрэг гүйцэтгэж буй хамгийн шилдэг батальон юм. Та бүхний үйл ажиллагаа Өмнөд Суданы ард иргэдийн амар тайван амьдрал, сайн сайханы төлөө байж чаддаг гэдгийг хангалттай харуулж байдаг.
Цэргийн багийн гүйцэтгэж буй үүрэг, хэрэгжүүлж байгаа ажил, арга хэмжээ бусад орны цэргийн багуудын хувьд ямагт үлгэр жишээ болж мэргэжлийн ур чадвартай залуус энхийг сахиулах ажиллагаа гэж юу байдгийг энэ орны иргэдэд харуулсаар ирснийг дуулгахад таатай байна” гэж онцоллоо.
Мөн энэ үеэр Юнити муж дахь НҮБ-ын зохицуулагч хатагтай Жейн Кони онцолж хэлсэн үгэндээ “Монголын батальон нь үүргээ хүлээж авснаас хойш үер ус, халуун нар байгалийн давагдашгүй хүчин зүйл, бусад саад бэрхшээлийг мэдлэг, дадлага, туршлага, мэргэжлийн ур чадвар, тэсвэр тэвчээрээр даван туулж ирсэн.
Тэд байгалийн гамшиг, цагийн байдлын өөрчлөлт аль алиныг нь даван туулахдаа хэзээ ч гомдоллодоггүй, хэзээ ч шалтаг тоочдоггүй, нүүрэндээ үргэлж инээмсэглэлтэй байдаг.
Та бүхний оруулсан хувь нэмэр зөвхөн энхийг сахиулагчийн үндсэн үүргээр хязгаарлагдахгүй бөгөөд сурагчдын сурч боловсрох орчин нөхцөлийг дээшлүүлэхэд хүүхдийн тоглоом хийж байршуулах, залуучуудын боловсролыг сайжруулахад анхаарч гагнуур, оёдол, компьютерын сургалт явуулсан. 
Үүний зэрэгцээ ковид өвчний цар тахал, хумхай, гэдэсний халдварт өвчнийг намжаах, эдгээхэд тусламжийн гараа сунган хүмүүнлэгийн олон талт арга хэмжээг хэрэгжүүлснээр орон нутгийн иргэдийн амар амгалан амьдрал, эрүүл мэнд, боловсролд дэмжлэг үзүүлсэнд UNMISS ажиллагааны нийт хамт олны нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархлаа илэрхийлье.
Өнөөдөр та бүхний авч буй медаль бол таны нүр их хичээл зүтгэл, цэргийн тангарагаа зуу дахин биелүүлснийг тань гэрчилж байна. Хэцүү үед итгэл найдварын гэрэл болж байсан та бүхэнд баярлалаа” хэмээгээд нийт бие бүрэлдэхүүнд баяр хүргэсэн юм.
Уг ёслолын ажиллагааны төгсгөлд “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны хүчний командлагч дэслэгч генерал Мохан Субраманианд тус цэргийн багийн дурсгалын медалийг гардуулан өгсөн юм.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу