Засгийн газрын өнөөдрийн /2023.09.06/ хуралдаанаар гаргасан шийдвэрийг танилцуулж байна.


Энэ үеэр УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар Халзан бүрэгтэйн ордын талаар дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр “Өнөөдрийн хуралдаанаар Ховд аймгийн Мянгад суманд орших Халзан бүрэгтэйн ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрөлтэй холбоотой асуудлыг хууль тогтоомжийн дагуу судалж, орон нутгийн иргэдийн саналыг харгалзан шийдвэрлэж арга хэмжээ авахаар боллоо. Үүнийг миний бие БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэтэй хамтран хэрэгжүүлнэ.

Энэ ордод хамаарах хоёр тусгай зөвшөөрлийг хоёуланг нь “Монголиан нэшнл рийр ийрт” компани эзэмшдэг. Эл компанийг Худалдаа, хөгжлийн банк 100 хувь эзэмшиж байна.

Тусгай зөвшөөрлүүдийг 2001 болон 2004 онд олгож байжээ. Улсын бүртгэлийн нөөцийн ангилалд газрын ховор элемэнт гэж бүртгүүлсэн. 268 сая тонн хүдрийн нөөцтэй. 1.2 сая тонн эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой. Монгол Улс 3 сая тонн газрын ховор элементийн нөөцтэй гэж үзвэл үүний 30 орчим хувь нь энд бий гэсэн үг. 

УУХҮЯ-наас 2023 оны дөрөвдүгээр сард дотоод хяналт шалгалт явуулсан. Улмаар эл ордод үйл ажиллагаа явуулахыг түр зогсоох тухай улсын байцаагчийн акт гарсан.

Учир нь, Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг БОАЖЯ-аар батлуулаагүй зэрэг хэд  хэдэн зөрчил гаргасан. Ийм акт тавигдсан ч үйл ажиллагаа нь үргэлжилж байсан учир өнөөдөр Засгийн газраас тогтоол гаргалаа” гэлээ.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өгсөн юм.

-2001 онд “Монголиан нэшнл рийр ийрт” компанид тусгай зөвшөөрөл олгохдоо тендер зарлаж байсан болов уу?

-Тухайн үед тусгай зөвшөөрлийг өргөдлөөр олгодог байсан. Тэр дагуу олгогдсон. Одоо бол зөвхөн сонгон шалгаруулалтаар явж байгаа.

-Газрын ховор элемэнттэй холбоотой Засгийн газар өөрсдийн хувь эзэмшлээ тодорхой болгох асуудлыг Ашигт  малтмалын хуулиар хийх үү?

-Энэ шийдвэрийг газрын ховор элементтэй холбоотой Засгийн газраас баримталж буй бодлого гэж ойлгож болохгүй. Энэ талаар бодлого гаргахаар бид ойрын үед ярилцаж байна. 

Бид энэ чиглэлийн технологи хөгжсөн улсуудтай туршлага солилцож байгаа. АНУ, БНХАУ-тай гэрээ байгуулж ажиллаж байна. Мөн БНСУ-ын тусламжтай судалгааны төв байгуулж буй. Энэ технологи их нууц явдаг. Судалгааны төвийг тусгайлсан барилга, байгууламж барьсны дараа байгуулна гэж яригдсан. Гэхдээ манай талын санал бол ингэж цаг алдахгүйгээр, шууд төхөөрөмж, технологио авчраад, бэлэн байранд ажиллая гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудлыг аравдугаар сард эцэслэнэ.

-Иргэдийн саналд үндэслэж шийднэ гэдгийг яг юу гэж ойлгох вэ?

-Ямартай ч үйл ажиллагааг нь зогсоож байна. Иргэдийн саналыг үндэслэж байна гээд үйл ажиллагаа нь чөлөөтэй явагдана гэсэн үг биш. Мянгад сумын иргэд олонхоороо юу гэж бодож буйг сонсоод,  Засгийн газарт танилцуулна гэсэн үг.

-Үйл ажиллагааг нь зогсоож байна. Тэгэхээр тус ордын тусгай зөвшөөрлийг өөр компанид өгөх асуудал яригдах уу?

-Хайгуулын үйл ажиллагааг түр зогсооно гэдэг нь лиценз цуцална гэсэн үг биш.

Зогсоох шаардлагатай хэд хэдэн зөрчил илэрсэн.

Тухайлбал,

  • Цөмийн энергийн тухай хуулийн дагуу улсын ерөнхий байцаагчийн зөвшөөрөл аваагүй.
  • Хайгуулд шаардагдах усыг Ховд голоос зөөврөөр ашиглах гэрээ байгуулсан ч талбай дээр гүний ус ашигласан байх магадлалтай.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрлийн талбайд газар ашиглах гэрээ байгуулаагүй.
  • Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд орон нутагтай гэрээ байгуулаагүй байх магадлалтай.
  • Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг яам биш, шууд Мянгад сумын Засаг дарга баталсан. Эдгээр нь хууль зөрчсөн байна гэж бид үзсэн.

-Энэ шийдвэрийн цаана тус ордыг төр өөртөө авах сонирхол байгаа юм уу. Тухайн ААН хайгуулын үйл ажиллагаандаа ямар хэмжээний хөрөнгө оруулсан талаар мэдээлэл авсан уу?

-Тухайн ААН энэ талаарх тооцооллоо бидэнд гаргаж өгөөгүй байна.

Төр өөртөө авах гэдэг ойлголт бол байхгүй. Тодорхой зөрчил гаргасан байна. Зөрчил гаргаж болохгүй. Хууль зөрчих юм бол холбогдох арга хэмжээг авдаг. Хариуцлагатай явж байгаа уул уурхайг Засгийн газар дэмжинэ, хамгаална. Хуулиас гадуур явж бол болохгүй. Хэрэв зөрчлөө арилгаад, нутгийн иргэд нь дэмжинэ гэвэл үргэлжлүүлэх боломжтой. Өнөөдрийн шийдвэр бол цуцална, төр өөртөө авна гэсэн асуудал биш.

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ:

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу