Хүндийн өргөлтийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Саудын Арабын Эр Рияд хотод энэ сарын 4-нөөс 17-ны өдрийг хүртэл 14 хоногийн турш үргэлжилнэ.

Энэ удаагийн ДАШТ-д дэлхийн 117 орны 719 тамирчин оролцох бөгөөд манай улсаас МУГД Ц.Хосбаярын удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй долоо, нийт 10 тамирчин оролцож байна.

Хүндийн өргөлтийн ДАШТ “Парис-2024” зуны олимпын XXXIII наадамд оролцох эрх авахын тулд заавал оролцсон байх хоёр тэмцээний нэг аж.

Тэмцээний эхний өдөр манай улсын баг тамирчдаас эрэгтэйчүүдийн 55 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж, 61 кг-ын жинд ОУХМ У.Амарбаяр, эмэгтэйчүүдийн 45 кг-ын жинд ОУХМ Б.Тунгалаг нар дэвжээнд гарав. ОУХМ Ө.Чагнаадорж нийлбэр дүнгээр 236 кг жин өргөж, жингийнхээ “В” хэсэгт дөрөвдүгээр байр эзэллээ.

ОУХМ У.Амарбаяр нийлбэр дүнгээр 240 кг жин өргөж, хэсгийнхээ зургаадугаар байрт шалгарлаа. ОУХМ Б.Тунгалаг 65 тамирчнаас түлхэлттэй өргөлтөөр 78 кг жин өргөж, наймдугаар байрт оров. Түүний бэлтгэл дээр өргөдөг жингээс харахад хүрэл медалийн болзол хангах бүрэн боломжтой байсан ч өвдөг болон кистний бэртлийн улмаас медалийн болзол хангаж чадсангүй.

Монголын тамирчдын тэмцээнд оролцох хуваарь:

  • Есдүгээр сарын 7-ны өдөр Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Б.Хонгорзул
  • Есдүгээр сарын 8-нд Эмэгтэйчүүдийн 59 кг-ын жинд Э.Энхтамир
  • Есдүгээр сарын 10-нд Эмэгтэйчүүдийн 64 кг-ын жинд О.Төгс-Эрдэнэ, 71 кг-д Г.Ануужин
  • Есдүгээр сарын 11-нд Эмэгтэйчүүдийн 71 кг-ын жинд Г.Энэрэл
  • Есдүгээр сарын 15-нд Эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд М.Анхцэцэг
  • Есдүгээр сарын 17-нд Эрэгтэйчүүдийн +109 кг-ын жинд М.Бахберген

Монгол Улсын гавьяат тамирчин, Дэлхийн аварга, Хүндийн өргөлтийн ДАШТ-ий алт, мөнгө хошой хүрэл медальт, “Токио-2020” олимпын дөрөвдүгээр байрын шагналт М.Анхцэцэг энэ удаа 81 кг-ын жинд оролцож байна. Учир нь “Парис-2024” олимпын наадамд хүндийг өргөгч бүсгүйчүүд 49 кг, 59 кг, 71 кг, 81 кг, +81 гэсэн таван жинд өрсөлдөх юм.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу