DOBU.mn сайт аймгуудын Засаг дарга нарын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелиятын мэдээллийг онцолж байна.


2020 оны орон нутгийн сонгуульд Баян-Өлгий аймгийн ИТХ-д МАН 23, АН 15, МАХН нэг суудал авснаар МАН засаглах боломжтой болж, аймгийн Засаг даргаараа Д.Бауыржаныг томилж байлаа.

“А.Гылымхан төрийн албыг төрлийн алба болгож байна” хэмээн өмнөх Засаг даргаа хотын томчууддаа матаж явсаар Д.Бауыржан гэдэг хүн Баян-Өлгийд эзэн суусан. Гэвч түүнийг томилогдсон цагаас хойш чих халууцуулам яриа сонсогдож, “зэвсэгт хэрэглэж, танхайраад, хэргээ хаалгасан” гэх мэт мэдээлэл хөвөрч эхлэв.

Сүүлд гэхэд тэр ажлаа өгөхөөс хоёр сарын өмнө буюу өнгөрсөн оны аравдугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад, осол гаргасан талаар хэвлэлүүд мэдээлж байсан. Д.Бауыржан архидан согтуурч, танхайрсан үйлдэл удаа дараа гаргаж байсан гэдэг. Ингээд оны өмнөхөн тэрбээр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн.

Д.Бауыржаны ажлыг Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Х.Арман түр орлон гүйцэтгэж, энэ хугацаандаа суудалдаа жинхлэгдэхээр зэхэж эхэлсэн билээ. Улмаар энэ оны хоёрдугаар сард Баян-Өлгий аймгийн ИТХ-ын XII хуралдаан болж, Засаг даргад УИХ дахь МАН-ын бүлгээс Х.Арманыг, заалнаас аймгийн Татварын хэлтсийн дарга А.Камелият нарыг нэр дэвшүүлсэн.

А.Камелият нэрээ татаж, Х.Арманыг 100 хувийн саналаар дэмжин, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжилсан ч Ерөнхий сайд батламжлаагүй. Учир нь, Х.Арманыг Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2 дахь хэсэгт заасан “төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байх” гэх шаардлагыг хангаагүй хэмээн буцаасан юм. 

Тийм учраас аймгийн ИТХ дөрөвдүгээр сарын 17-нд ээлжит бус XIV хуралдаанаа хийж, аймгийнхаа Засаг даргад А.Камелиятын нэрийг дэвшүүлж, уг шийдвэрийг Ерөнхий сайд тавдугаар сарын 5-нд батламжилсан. Ингэж тэр аймгийн Засаг дарга болсон түүхтэй. 

А.Камелият 1963 онд төрсөн, нягтлан бодогч, эдийн засагч мэргэжилтэй. Төрийн удирдлагын болон эдийн засгийн ухааны магистр зэрэгтэй. Тэрбээр 1993-2002 онд Баян-Өлгий аймгийн Прокурорын газарт нягтлан бодогчоор орсноос хойш төрийн албанд тасралтгүй ажиллажээ. 

Түүний хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал, 2020 онд тус аймгийн Засаг даргын орлогчийн албан тушаал хашиж байх үед өөрийн орлого нь 18 сая 430 мянган төгрөг байжээ. 2021 онд Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн дарга болоход орлого нь 102 сая 113 мянга болж өссөн байна. Харин 2022 онд өөрийн орлого нь 26 сая 607 мянга болж буурсан байх юм.

Гэр бүлийн гишүүдийнх нь орлого 2020 онд 13 сая 200 мянган төгрөг байсан бол 2022 онд 85 сая 795 мянга болтлоо өсжээ. 

Тэрбээр 536 саяар үнэлэгдэх нэг нийтийн орон сууц, нэг амины орон сууц, үйлдвэрлэлийн зориулалттай нэг байр, нэг гэртэй. Туулах чадвар өндөртэй Land Cruiser 200 автомашин нэг, тусгай зориулалтын хоёр төхөөрөмжтэй хэмээгээд, үүнийгээ 390 сая төгрөгөөр үнэлжээ.

Нийт 120 саяар үнэлэгдэх эзэмших эрхийн 700 м2, өмчлөх эрхийн 540 м2 газартай. Хоёр сая төгрөгийн хадгаламжтай, 20 сая төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй аж. Мөн “Өлгий хөөс” ХХК-ийн 20 хувийг эзэмшиж байна. 

Үүнээс анхаарал татах нь тэрбээр 2020 онд 160 сая төгрөгийн зээлтэй байсан бол хоёр жилийн дотор 140 саяыг нь төлж, барагдуулсан байх юм. Татварын хэлтсийн даргаар ажилласан хоёр жилийн хугацаанд чамгүй хөрөнгө босгосон гэдгийг нь үүнээс харж болно.

Түүний боловсрол, ажлын туршлагатай танилцъя.

БОЛОВСРОЛ:

  • 1981 онд Улаанхус сумын Зайсановын нэрэмжит 10 жилийн дунд сургууль
  • 1984 Дарханы Политехникум
  • 1993 онд Хөдөө Аж Ахуйн Их Сургууль
  • 2013 онд Удирдлагын академи

ЭРХЭЛЖ БАЙСАН АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:

  • 1993-2002 онд аймгийн Прокурорын газарт ахлах нягтлан бодогч
  • 2002-2005 онд НААҮ Суат ХК-д ерөнхий нягтлан бодогч эдийн засагч
  • 2005-2012 онд аймгийн ЗДТГ-ын ерөнхий нягтлан бодогч, аж ахуйн тасгийн дарга
  • 2012 онд аймгийн Засаг даргын орлогч
  • 2016 онд аймгийн Засаг даргын орлогч
  • 2021 онд Аймгийн Татварын хэлтсийн дарга
  • 2023 оноос Аймгийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна.

Х.ТҮШИГ


ӨМНӨХ НИЙТЛЭЛИЙГ ДООРХ ХОЛБООСООР ОРЖ УНШИНА УУ

Эд хөрөнгө нь арвижин өсч яваа Архангайн Засаг дарга Б.Цэрэннадмид гэж хэн бэ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу