НҮБ-ын байранд өнөөдөр (2023.09.06) “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын ээлжит “Өглөөний цагийг өөртөө” уулзалт Тогтвортой хөгжлийн үндэсний чуулган угтсан Эдийн засаг, хөгжлийн яам, Монгол Дахь НҮБ, сэтгүүлчдийн уулзалтаар үргэлжиллээ.

Энэхүү уулзалтыг нээж НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра үг хэлэв. Тэрбээр “Монгол Улсын хувьд хот суурин газарт болон залуусын дунд ядуурал газар авч, нэг хэсэг нь ядуу, нэг хэсэг нь баян чинээлэг амьдарч, дундаж давхарга бараг байхгүй болсон нь ажиглагдаж байна. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийн газрын манлайлал дор бүх нийтээрээ хүчин чармайх шаардлагатай.

“Алсын хараа 2050” бодлогын баримт бичгийнхээ зорилтоо биелүүлэхийн тулд 2030 онд тогтвортой хөгжлийн зорилгод хүрэх нь чухал юм. Ингэснээр Монгол Улс алсын зорилгодоо хүрэх бүрэн боломжтой. Бид ярихаас илүү дараагийн ажилдаа оръё” гэж онцлов.

Эдийн засгийн хөгжлийн яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Балчинлувсангийн мэдээлснээр, Монгол Улсын Засгийн газраас тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний үүрэг амлалт, хурдасгуурыг Үндэсний сайн дурын хоёрдугаар илтгэлийн дүгнэлт, зөвлөмж, хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан зорилго, зорилтуудтай уялдуулан 12 чиглэлээр тодорхойлжээ. Тодруулбал,

-Боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, зах зээлийн эргэлтэд нийцсэн ажиллах хүч бэлтгэх

-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, тэгш хүртээмжтэй байдлыг сайжруулах

-Инновац, шинжлэх ухаан, технологид суурилсан дижитал шилжилтийг бүрэн хийх

-Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх суурь нөхцөлийг бүрдүүлэх замаар эрчим хүчний тогтвортой, найдвартай байдлыг хангах

-Уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах, дасан зохицох. Байгаль орчны тогтвортой байдлыг хангах, аюул, гамшигт тэсвэртэй байдлыг бэхжүүлэх

-Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах

-Нэмүү өртөг шингэсэн, тогтвортой үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийг төрөлжүүлэх (хөдөө аж ахуй, боловсруулах үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл, тээвэр)

-Зохистой хөдөлмөр эрхлэлт, хүртээмжтэй ажлын байрыг нэмэх замаар ажилгүйдэл, ядуурлыг бууруулах

-Жендерийн эрх тэгш байдлыг хангах

-Үр дүнтэй засаглал, бодлогын уялдаа холбоог сайжруулах

-Бүс, орон нутгийн хөгжлийг дэмжих

-Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг хурдасгахад чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэх гэжээ.

Энэ талаар тэрбээр маргааш (2023.09.07) “Шангри-Ла” зочид буудалд 09.00-12.00 цагийн хооронд болох Тогтвортой хөгжлийн төлөөх үндэсний чуулган дээр танилцуулах юм байна.

Л.Балчинлувсан мөн Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийг эрчимжүүлэх тэргүүлэх чиглэлээ энэ сарын 18, 19-ний өдрүүдэд Нью-Йорк хотноо болох НҮБ-ын Дээд түвшний уулзалтад танилцуулахаар бэлтгэж байгаа талаар мэдээлэв.

Түүнчлэн дээрх үүрэг амлалт, тэргүүлэх чиглэлд олон талын оролцоог хангах зорилгоор төр, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллагууд, орон нтаг болон залуучуудын төлөөлөлтэй зургаан удаагийн зөвлөлдөх уулзалт зохион байгуулж, тэдгээрийн дуу хоолой, санал зөвлөмжийг тусгажээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу