АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Киевт айлчлах үеэрээ Украинд 175-200 сая ам.долларын цэргийн тусламж үзүүлэхээ зарлах ажээ. Өөрөөр хэлбэл, энэ долоо хоногийн сүүлээр АНУ Украинд үзүүлэх цэргийн тусламжийн бас нэг томоохон багцаа зарлах юм байна.

Блинкений айлчлалтай холбогдуулан АНУ-ын Төрийн департаментын албан тушаалтан “АНУ аюулгүй байдлын салбарт Украинд “шаардлагатай бүх тусламж”-ийг үзүүлсээр байх болно. Вашингтоны тэргүүлэх чиглэлүүдийн нэг бол Киевт агаарын довтолгооноос хамгаалах систем нийлүүлэх явдал юм” гэж хэлжээ.

“Bloomberg” агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Киевт хийж буй айлчлалынхаа хүрээнд Украины Ерөнхий сайд Денис Шмыгал, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба нартай уулзах бол Алексей Резниковын оронд Батлан хамгаалахын сайдаар томилогдсон Рустем Умеровтой уулзах эсэх нь тодорхойгүй байгаа аж.

CNN агентлагийн мэдээлснээр, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен Лхагва гарагт Киевт хүрэлцэн ирж, Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский, Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба тэргүүтэй албаны хүмүүстэй уулзсан байна.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Антони Блинкен өнгөрсөн оны хоёрдугаар сард ОХУ-ын түрэмгийлэл эхэлснээс хойш Украины нийслэл Киевт гурав дахь удаагаа ийнхүү айлчилж байгаа юм.

Эх сурвалж: ASSOCIATED PRESS, CNN, MK
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу