-АН-ын дарга Л.Гантөмөрт Х.Баттулгын хүчингүй талаас хүчингүй тамгыг гардууллаа-

Улсын дээд шүүх Л.Гантөмөрийг Ардчилсан намын даргаар албан ёсоор бүртгэжээ.

 Улсын дээд шүүхээс Ардчилсан намын ҮБХ-ны хурал Үндсэн дүрмийн дагуу явагдсан  байна гэж үзэж, тус намын даргаар Л.Гантөмөрийг улсын бүртгэлд бүртгэж шийдвэрлэсэн. Тэгвэл өнөөдөр Ардчилсан намын даргаар Л.Гантөмөрийг бүртгэсэн албан тоотыг ирүүлсэн байна. Ямартай ч үхрийн эвэр шиг талцсан Ардчилсан нам албан ёсны даргатай болж, С.Эрдэнийн хаанчлал энэ хүрээд төгслөө. Гэсэн ч тэрбээр тамгаа өгөхгүй, шүүх худалдагдсан гэдгийг хэлсэн. Улсын дээд шүүхийн шийдвэр гарсан ч тахимаа өгөхгүй гэдгээ мэдэгдэж байв.

Тэгвэл өнөөдөр 15 цагт Х.Баттулгын гэгдэх Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга гэх И.Мөнхжаргал С.Эрдэнийн хүчингүй болгож байсан тамгыг Л.Гантөмөрт гардуулан өглөө. Угаас хүчин төгөлдөр бус байсан Х.Баттулгын АН-аас хүчин төгөлдөр бус тамгаа ийнхүү ёслол төгөлдөр шилжүүлж байгаа нь юу өгүүлж байна вэ. Х.Баттулга Төрийн тэргүүнээс буусныхаа дараа Ардчилсан намын даргын сунгаанд оролцон өнгөлж, намын дарга болсон гэх хэдий ч Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан. Гэсэн ч 21 аймгийн намынхан нь дэмжсэн гээд өнөөдрийг хүртэл албан бус намын дарга гэж явж ирсэн. Л.Гантөмөр тэр үед хэсэг хугацаанд хүчин төгөлдөр бус Х.Баттулгын Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байв.

Нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдон БНСУ руу эмчилгээ нэрээр явсан Х.Баттулга ҮБХ-ны хурал болохоос өмнө яаравчилан ирж УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл, Н.Алтанхуяг, Д.Дорлигжав нарын Увсын фракцийнхантай уулзаж Л.Гантөмөрийг намын дарга болгох тал дээр бүх бооцоо түлхэж, өөрийг нь дагадаг ҮБХ-ны 40 хүнийг дуудан ирүүлж, санал хураалтын үеэр бөөнөөр нь Л.Гантөмөрт санал өгүүлж байсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал. Л.Гантөмөр Ардчилсан намын дарга болох нөхцлөө бүрдүүлж, Х.Баттулга ч сэтгэл нь амран БНСУ руу арилан одсон. УИХ-ын гишүүн, сайдаар хэдэнтээ ажиллаж, Ерөнхийлөгчөөр дөрвөн жил суугаад буусан Х.Баттулгад одоо өөрийг нь хамгаалах нам л хэрэгтэй. Өөр юу ч биш. Бүр шаардлагатай гэвэл Ардчилсан намын тулганаас гал тасдан шинэ нам байгуулах санаархал хүртэл байсан.

Наанаа Л.Гантөмөр гэдэг намын дарга байгаа боловч цаана нь Х.Баттулга хөзрөө бариад, хөмсгөө зангидан сууж байсан. Нэг үгээр хэлбэл Л.Гантөмөрийг маажихад Х.Баттулга л цаанаас нь гарч ирнэ гэдэг энэ юм.

Шинэ тамга хийлгүүлнэ гэдгээ мэдэгдсэн Л.Гантөмөр өнөөдөр хүчин төгөлдөр бус Женкогийн талын тамгыг, Төв шуудангийн урд талын Ардчилсан намынхны хэлдгээр “шувууны үүр” байшингийн Женкогийн удаан хугацаанд төлөөгүй түрээсийн өртэй нь авч байгаа бололтой. Ямартай ч Л.Гантөмөр шувууны үүрэнд төвхнөхгүй юм билээ. Төрийн ордны хойд талын Хүрээ төвд оффислож, намын бусад аппарат нь шувууны үүрэнд бөөгнөрөх яриа хийгдэж байгаа юм. Хүрээ төвд одоогоор УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал, Ш.Адьшаа, АЗХ-ны тэргүүн С.Эрдэнэболд нар байрладаг. Л.Гантөмөр тэдэнтэй хаяа дэрлэхээр шийдсэн байна. Албан бусаар Ардчилсан намын дарга болоод байсан Х.Баттулга өөрийн гараараа албан ёсны Л.Гантөмөр гэдэг даргатай болж санаа нь амрав бололтой. 

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу