Тэнгэрлэг Монгол ТББ-аас аймаг сумдын засаг дарга нар самрын ченжүүдтэй хамтарч байгалийн нөөцөөс бүрдсэн хураамжийг зориулалтын бусаар ашиглаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар Тэнгэрлэг Монгол ТББ-ын тэргүүн Б.Батдэлгэр:

Нийгэмд өрнөж буй хэд хэдэн асуудлаар мэдээлэл хийе гэж бодож байна. Нэгдүгээрт уулын ам, байгалийн цогцолборт газар эрх мэдэлтнүүд газар аваад хаус бариуд суучихдаг байдлыг хэзээ арилгах вэ?

Аялал жуулчлалын зориулалтаар газар аваад хаус барьдаг. Жанцанноров сан эзэмшлийн газар дээрээ суурь бэлдэж ухсан шороогоо модруу асгасан асуудал байна. Энэ талаар уулзаад хэлэхэд асгасан ороогоо авсан боловч моднууд нь үхсэн байсан. 

Мөн Сүхбаатар дүүргийн Ойн булаг гэх газар маш олон торлог бутыг сүйтгээд, булаг шандын эх дээр байшин бариад эхэлсэн байгаа юм. Дүүргийн удирдлагад хандахаар бид нарыг цагдаад өгдөг. Шалгадаг, ийм байж болохгүй ээ. Монгол хүн булаг шандын ойролцоо буухыг хэзээ ч бодохгүй. Гэтэл тэнд 21 га газарт шороо асгаж тэгшлээд барилга бариад эхэлчхэж байгаа юм. Энэ бүхнээс харахад хууль хаана ч хэрэгжихгүй байна.

Мөн сургуулийн асуудал. Монголчууд өдөр шөнөгүй баялгуудаа гадагш нь алдсаар байгаа.

Ийм их баялаг байсаар байтал яагаад багачууд нэг ангид 40, 50-уула чихэлдээд сурч байна вэ?

Баячуудын хүүхдүүд цэмцгэр сайхан сургуульд явж байна. Гэтэл хаа сайгүй балгаснууд байна. Нэг цэцэрлэг, сургуулийн барилга гурван давхар яваад л зогсдог. Ашиг шимийг нь хүртэж чадахгүйгээр маш их баялгаа гадагшаа алдаад байгаа хэр нь ээ, сургууль цэцэрлэг дээр онцгой анхаараад, бүх асуудлыг нэг дайраад цэгцлээд өгч чадахгүй байгаа юм бэ? Энэ намар олон сургуулийн хүүхдүүд шинэ барилга нь ашиглалтад ороогүй нэг ангид олуулаа, түрээсийн байранд хичээллэж эхэлсэн. Бүгд мэдэж байгаа. Ярихаас илүү гарч ажилламаар байгаа юм.

Дараагийн буюу хамгийн чухал асуудал нь “Хуш” мод.

Ченжүүд нь хятадуудын гар хөл болоод хамаг хуш модоо нүдүүлээд дууслаа. Хуш модны самрын болц нь хэзээ гүйцдэг вэ гэхээр 10 сарын 12-ноос 11 сард гүйцдэг. Гэтэл яагаад 9 сард зөвшөөрөл олгоод байдаг юм бэ гэдэг асуудал дээр бид ойн газар, БОАЖЯ-тай хамтраад хэлэлцээд судлаад ажиллаж байна одоогоор.

Иргэд болохоор турж үхэх гэж байгаа юм шиг л байдаг. Энэ самрыг л түүхгүй бол, энэ модыг л нүдэхгүй бол болохгүй байна гэдэг.

Гэтэл маш олон газар, блокны үйлдвэр, харуул хамгаалалт, үйлдвэрүүд ажиллах хүн олдохгүй байна гэдэг. Эх орныхоо экосистемийг сүйтгэхгүйгээр ажиллаж амьдрах боломж бий шүү дээ.

Хуш модыг хамгаалж хайрлахгүй бол уулын цэвдэг, ан амьтан, эх авч урсдаг гол горхи гэх мэт бүрэн бүтэн байгалийн бүтэц алдагдаж эхэлнэ. Эдийн засгийн эргэлтэд зөв замаар ашиглаж болно. Бид хуульд тусгах заалтууд дээр хамтарч ажлаад болц нь гүйцсэн самрыг зориулалтын хэрэгслээр түүнэ гэж зааж өгсөн байдаг. Гэтэл хугацаанаас өмнө түүх гээд мунаар нүдээд байхаар гадна хальс ихээр гэмтэж, нөхөн төлждөггүй.

Улсын хэмжээнд тэрбум мод тарина гэх ажлыг эхлүүлсэн ч нэг ч хуш мод тариагүй. Монгол нэрээр орж ирсэн гаднын маш олон компаниуд самрыг хууль бусаар, их хэмжээгээр бэлтгэж байгаа. Нөхөн төлжих хугацаа улам удааширсаар байна. Судалгаагаар бүрэн нөхөн сэргээгдэх хугацаа нь 50 жил гэж тогтоосон байдаг.

Ойн дагалдах баялгаас хуримтлуулсан мөнгөөр сум, орон нутгийн засаг дарга нар нутагтаа юу ч хийдэггүй. Маш олон газар байгалийн нөөц ашигласны төлбөр авдаг хэр нь юунд зарцуулсан нь тодорхойгүй байгаа юм. Эвдэрхий жийп машин болж хувирсан ч тохиолдол бий. Мөн сонгууль, намын ажилд ороод алга болдог. Одоогоор энэ асуудалд аудитын шалгалт оруулсан байгаа. Шалгалтын ажил дуусмагц ахин хариу мэдээлэл хийх болно. 

Самар нь дэлхийн зах зээл дээр маш үнэтэй байдаг. Гэтэл хятад руу хамгийн хямдаар гаргаж байгаа. Үүнийг дотооддоо хадгалж үлдээд ашигтайгаар эргэлтэд оруулах шийдвэр гаргаагүй байгаа нь харамсалтай” хэмээн ярилаа

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу