Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын ээлжит XXI их хурал 2023 оны есдүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо хуралдах тов гарчээ.

МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар, Үндэсний танхим нь байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн үүсгэл санаачилга, гишүүнчлэлийн үндсэн дээр байгуулагдаж, өөрөө удирдах ёсонд тулгуурлан “Худалдаа, аж үйлдвэрийн танхимын тухай” Монгол Улсын хууль болон МҮХАҮТ-ын дүрэмд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэхтэй холбогдсон үйл ажиллагаа явуулах, төвийг сахисан, нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Дөрвөн жилд нэг удаа болдог Их хурал нь танхимын удирдах дээд байгууллага бөгөөд ээлжит XXI их хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Үүнд:

-МҮХАҮТ-ын 2019-2023 оны үйл ажиллагааны ба санхүүгийн тайлан танилцуулах -Хяналтын зөвлөлийн тайлан танилцуулах

-МҮХАҮТ-ын Удирдах зөвлөлийн гишүүдийг сонгох, батлах

-МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчийг сонгох, батлах -МҮХАҮТ-ын Хяналтын зөвлөлийн гишүүдийг сонгох, батлах,

-Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл танилцуулга хийх, тэргүүлэх асуудлуудыг тодорхойлох, танхимын үүрэг оролцоог хэлэлцэх асуудлууд багтжээ.

Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй бизнес эрхлэгчдийн нийтлэг эрх ашгийг төлөөлөн хамгаалах, илэрхийлэх хуулиар хүлээсэн үүрэгтэй төрийн бус байгууллагын хувьд ирэх дөрвөн жилд тус байгууллагыг удирдан чиглүүлэх Удирдах зөвлөл, Танхимын Ерөнхийлөгчийн сонгууль нь олон нийтийн анхаарлын төвд байдаг.

Тус танхим дотоод ардчиллын дагуу нийт гишүүд, хурлын төлөөлөгчид, бие даагчдын хувьд нэр дэвших, дэвшүүлэх үйл ажиллагаа нээлттэй, ил тод байдгаараа онцлогтой. МҮХАҮТ-ын дүрмийн дагуу Үндэсний танхимын Удирдах зөвлөлд гишүүнээр элсээд, 3-аас дээш жил болсон, гишүүний үүргийн ямар нэг зөрчилгүй танхимын гишүүд нэр дэвших эрхтэй.

Улмаар 22 гишүүнийг төлөөлөх ардчиллын зарчмаар, үлдэх 53 гишүүнийг Их хурлын гишүүд дундаас шууд ардчиллын зарчмаар, Хяналтын зөвлөлийн гишүүдийг Их хурлын гишүүд дундаас тус тус нэр дэвшүүлэн сонгох юм байна.

Нэр дэвшүүлэх ажлыг Их хурал эхлэхээс хоёр хоногийн өмнө буюу 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагаар дуусгавар болгож, Танхимаас томилогдсон комисс нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч, Их хуралд танилцуулах ажээ.

Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн дарга нь Үндэсний танхимыг гадаад, дотоодод төлөөлөх, Удирдах зөвлөлөөс олгосон болон Дүрэмд заасан эрх хэмжээний хүрээнд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, танхимын олон улсын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, УИХ, Засгийн газар, төрийн болоод төрийн бус байгууллагуудтай гишүүд, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг төлөөлөн хамгаалах асуудлаар хамтарч ажиллах үндсэн чиг үүрэгтэй юм байна.

Танхимын Ерөнхийлөгч бөгөөд Удирдах зөвлөлийн даргад нэр дэвшигчид мөрийн хөтөлбөр, товч намтраа бэлтгэн, 2023 оны есдүгээр сарын 18-ны өдрийн 17.00 цагт МҮХАҮТ-ын байр, 403 тоот буюу Нэр дэвшүүлэх комисст хүлээлгэн өгөх ажээ.

МҮХАҮТ-ын гишүүн нь 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрөөс өмнө МҮХАҮТ-д гишүүнээр элссэн байх бөгөөд 2023 оны есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар гишүүнчлэлийн хураамжийг бүрэн төлснөөр ээлжит XXI их хуралд оролцох эрхтэй болдог байна.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу