УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь 413-р хорих ангид очиж, консул асан Д.Мөнх-Эрдэнийг эргэжээ. Тэрбээр энэ тухайгаа бичлэг хийж, цахим хуудастаа оруулсан байна. 

Л.Гүндалай “Дүү маань хорих ангид үсээ хусуулчихсан сууж байна. Сэтгэл санаа гайгүй байна. Гэхдээ мэдээж цаагуураа хүнд л байгаа байх. Аавынх нь бие тааруухан, сая элгээ тайруулсан гэнэ. Өөрөө бол долоон сарын турш хатуу дэглэмтэй газар байсан юм билээ. Агаар ч байхгүй шахуу, хүнтэй уулздаггүй, ганцаараа нэг газар байсан юм байна. Д.Мөнх-Эрдэнэ дүү маань хилс хэргээр хоригдож байна” гэлээ. 

Д.Мөнх-Эрдэнэ түүнд “Намайг үнэхээр хилсдүүлсэн. “Ноёнтой өстэй бол толгойгүй. Нохойтой өстэй бол хормойгүй” гэдэг нь болж байна. Монгол ардын намынхан намайг “пойлдчихлоо”. Цагдаа, тагнуул гээд бүх хуулийн байгууллага намайг тагнаж, чагнасан. Бүгд нийлж хилс хэрэгт оруулсан.

Гэхдээ дүү нь өршөөл гуйхгүй. Эндээ сууж байгаад даваад гарна. Дээд шүүх хуулиа дагадаг бол намайг цагаатгах ёстой. Их гомдолтой байна. Ирэх сонгуульд оруулахгүй байх бүхий л зүйлийг эрх баригчид хийж байна. Эзнийг нь хүсвэл хэрэг олддог гэдэг шиг намайг эрүүгийн хэрэгт хийсэн шүү” гэж  хэлжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу