“Аримун” продакшны хоёр дахь уран бүтээл “Хүний ээж” уран сайхны кино нээлтээ хийж, үзэгчдийн хүртээл боллоо. Энэхүү киноны зохиолыг МУСТА А.Ганчимэг бичиж, МУГЖ Д.Ганцэцэг найруулжээ.

Киноны гол дүр харааны бэрхшээлтэй охин болон асрамжийн газрын захирал байх бөгөөд нийгмийн үзэл хандлага, эмэгтэй хүний дотоод мөн чанар, гажуудал, сэтгэцийн эмгэг, бохир муухай нийгэм гэх мэт хар бараан бүхнийг тусгажээ. Ингэхдээ “харанхуй” гэх тодорхойлолтыг бүрэн харуулсан мэт санагдана.   

Үзвэрийн өмнө бүх үзэгчийг даавуугаар нүдээ боохыг хүссэн юм. Цөм нүдээ бооход танхим тэр чигтээ аниргүй болно. Энэ үед зөөлөн ая эгшиглэж, хүн бүр цаашид яах тухай бодож буй мэт чимээгүй хэвээрээ. Эхэндээ хав харанхуйг л мэдэрч байсан ч удалгүй яах бол, хэн нэгэн намайг харж буй мэт бодол төрөхөд бие жаахан арзайсхийнэ. Хэдхэн минут харанхуйд бүрэн уусахад айдас төрж эхэлж байлаа. Гэтэл насан туршдаа харанхуйн дунд бүхнийг мэдэрч, төсөөлж амьдрах нэгний сэтгэл хэрхэн хөндүүрлэх нь үүнээс мэдрэгдэнэ.  

Хайр хаана байна, тэнд аз жаргалтай байдаг. Яг л загас усандаа амар тайван
байдаг шиг”

Харанхуйд юуг ч харахгүйгээр эргэн тойрны бүхнийг мэдрэх шаардлага үүсдэг. Мөн хайр халамжийг маш ихээр үгүйлнэ. Харин хайрыг мэдрүүлсэн мэт дүр эсгэж, ашиглаж байгааг нь мэдэх боломжгүй. Энэ талаар өгүүлэхдээ киноны үйл явдал сэтгэц мэдрэлийн эмгэгтэй болсон асрамжийн газрын захирал, 10 настай хүүхдийг харж бэлгийн дур хүсэл нь хөдөлж буйгаар үйл явдал зангилагдана. Зохиомлоор болон санамсаргүйгээр хүн амины хэргүүд үүсэж, түүнийгээ Гэрэл охинд худал хэлж итгүүлсээр өөрийн эрхшээлдээ бүрэн оруулдаг. Ёс бусаар хэр нь хараагүй охинд мэдэгдэхгүйгээр дур хүслээ хангаж байгааг харсан хэлгүй найзыг нь санамсаргүй шахам хөнөөж, түүнийгээ Гэрэл охинд худал итгүүлж, өөрийн охин болгодог.

Энэ бүхэн гэрэл гэгээтэй гадаад орчинд өрнөх хэдий ч Гэрэл охинд бүх зүйл түнэр харанхуй хэвээрээ байлаа. 

Киноны дүрийн сонголт маш их таалагдав. МУГЖ Ж.Мөнхсайхан, гол дүрийн бүсгүйн өмнө ханилж байсан сайн нөхрийн дүрийг бүтээжээ. Тэр бол бүхнийг эхлэхээс нь хамт байгаагүй хэдий ч бүхнийг хүлцэж тэвчихэд бэлэн нэгэн байлаа. Та бидний эргэн тойронд түүн шиг хүмүүс маш олон бий. Харин бид өөр сонголтоос хамаарч өмнөх зүйлсээ үгүйсгэх талтай байдаг нь энэхүү бүтээлээс харагдах бизээ.

“Уйлмаар байвал миний хажууд ирж уйлаарай. Би таныг харахгүй юм чинь, шоолохгүй” 

Гэрэл охин арван настайдаа захиралдаа ингэж хэлж байлаа. Мэдээж ингэж хэлэхдээ өөртэй нь адил өнчин өссөн түүхийг нь сонсоод, муу хүн биш гэж итгэсэндээ л хэлсэн хэрэг. Гэвч үүнийг захирал өөрөөр хүлээж авч байлаа. Харанхуйд харагдахгүйгээр. Гэтэл ганцхан энэ үгнээс цаашид бүх үйл явдал нь Гэрэлийг зовоож, сэтгэлийг нь хэмлэж, хав харанхуйн дунд бүрэн тарчлааж амьдруулж иржээ. 

Хилсээр туулсан 20 жил түүнд хорсолтой санагдаж, охиныхоо үхлийн шалтгааныг тодруулахаар олон нийтэд хандаж үзсэн ч хэн ч тоосонгүй. Хэвлэлийн хурал хийхээр товлож, хэвлэл мэдээллийн газрууд ирсэн ч Төрийн ордонд сенсааци дэгдсэн гэх шалтгаанаар бүгд гарч явна. Үлдэхийг хүсэж, гуйж зууралдахад “Өдөр болгон л ийм юм болж байгаа” хэмээн тоолгүй орхино.

Мэдээж энэ бол зохиолын гол санаа. Хаа сайгүй хаягдаж, өнчирч, хүчиндүүлж, мэхлүүлж, гүтгүүлсээр амьдралаас мэдрэх ёстой сайхан бүхнээ алдаж, эцэст нь дотроосоо шаналж дуусаад, хорвоогоос оддог эмгэнэлтэй хувь тавилан.

Хоосон хурлын зааланд ганцаараа, охиныхоо зургийг гартаа барьсаар ярих түүнийг өмнө ханилж байсан нөхрөөс нь өөр хэн ч сонссонгүй. Нийгэм яг л ийм. Өөрийнх нь зовлон шаналал тэр болгон бусдад хамаагүй. Харгис хатуу. 

Нэгэн өглөө Гэрэл шоронд сэрлээ. Үгүй ээ биш, гэртээ орон дээрээ сэрлээ. 20 жил шорон шиг байсан түүний гэр. Аравхан настайдаа хайрлуулж, хамгаалуулж болох шиг санагдаж охин нь болсон ч 20 жилийн дараа хүслийг нь хангаж, хэлснээр нь амьдрах өрөвдөлтэй нэгэн бүсгүй болжээ. 

Гэрэлгүй, үүрдийн харанхуй газарт хэрхэн гэрэл асаах вэ? Мэдээж энэхүү бүтээл хар бараан, жигшүүргүй, нийгмийн муухай бүхнийг харуулах хэр нь хайр сэтгэл, догдлол, инээмсэглэлийн тухай ч өгүүлнэ. Гэрэл охинд бүхнийг түрхэн умартаж аз жаргалтай байх боломжууд гарч байлаа. Ингэхдээ хар дарсан зүүднээс дөнгөж сэрээд амьсгаа авч буй мэт уужирдаг байх. Мэдээж бүсгүй хүний бичсэн эл кино зохиолд бүсгүйн зовлон шаналал, түүнийг мэдрэх өвдөлтүүд, даван туулах сэтгэлийн тэнхээ, нулимс, аз жаргал гээд бүх зүйлийг мэдэрч болно.

Охиноо залуутай уулзаж байгааг олж мэдээд, ихэд бачууран, өвчин нь хөдөлнө. Гэрэлийг том аквариумд хийж, усаар дүүргэн орхиод, өөрийгөө хороохоор гартаа буу барьжээ. Энэ бүхэн цэвэр сэтгэцийн хүнд өвчлөлийн шинжийг харуулах бөгөөд аймшигтай цаг хугацааг туулж буй тэдний өрөвдөлтэй амьдралыг дүрсэлжээ.

20 жилийн дараа үнэн бүхэн илэрч, шүүхийн танхимд хацран тус газраа сумны шархтай захирал болон Гэрэл, Заяа нар нүүр тулгарна. Заяа Гэрэлийг охиныг нь хөнөөсөн гэдэгт одоо ч гэсэн итгэсээр. Гэвч Заяа олон жилийн өмнө хүсээгүй хүүхдээ төрүүлсэн бөгөөд өсгөж чадахгүй болсон тул орхиод явсан нь өдгөө 20 жилийн дараа шүүхийн танхимд урд нь зогсож байв.

Энэ бүхэн тарчиг ядуу, тухайн үеийн нийгэм болоод хариуцлага, ухамсар сул байх үеийн алдаа нэгэн хүнийг бүх насаар нь тарчлааж буйг харуулна. Хэлэмж нь хүн бүр сайн ээж, аав байгаасай. Өөрийн төрсөн ээждээ хаягдаж, алуурчин гэж дуудуулж, өнчин хаягдал шиг амьдарсан түүний дотор эмэгтэй хүний гэх бүх зүйл хадгалаастай хэр нь хэнд итгэж, гаргаж ярилцахаа үл мэднэ.

Би ээжийнхээ царайг одоо ч мартаагүй. Тэр өдрөөс хойш би хараагүй болсон ч хэзээ ч мартахгүй” хэмээн хэлээд, хав харанхуй, юуг ч мэдрэхгүй нүднээсээ нулимс унагана.

… Танхимд байх бүх хүнийг нүдээ боохыг хүсээд, чив чимээгүйн дунд Мандах ямар нэг зүйл буудуулав. Энэ үед театрын дэлгэц ч мөн харанхуй болж үзэгчид ч харанхуй, чимээгүйд уусна.

Гэнэт тас хийх чимээг бууных гэж бүгд бодон, уулга алдав. Гэтэл гэрэл өгөхөд Мандах гартаа салют барьсан байлаа. Түнэр харанхуй гэдэг ийм л аймшигтай зүйл аж. Буу биш байсан ч чанга дуугарсан л бол түүнийг буу гэж итгэж болно. 

Зохиолын төгсгөл хэсгийг мэдээж уншигч та бүхэнд үлдээе. Тухлан үзээд, өөр өөрийн оюунаар дүгнэлтээ хийх нь илүү дээр байна биз ээ. Ямартай ч бидний харж буй бүхэн төгс төгөлдөр биш. Өчүүхэн жижиг өрөөн дотор байсан ч хараагүй хүнд бол тэр хязгааргүй уудам орон зай мэт санагдана. 

А.САЙХАНБАЯР

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу