Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд Монголд зочлох жил болгон зарласан. Энэ хүрээнд жуулчдыг ая тухтай угтан авахаас буцах хүртэлх буудал, хоол унднаас эхлээд бүхий л зүйлд анхаарч байгаа нь илт. Ямар сайндаа л Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ сар шинийн баярын өдрүүдээр Чингис хаан олон улсын нисэх буудалд өөрөө оччихсон орчны цэвэр байдлыг хангах, ая тухтай нөхцлийг бүрдүүлэхийг шаардан хэрүүл хийгээд явах вэ дээ.

Монгол Улсын эдийн засгийн тулгуур үзүүлэлтийг нэмэгдүүлэх, эдийн засгийг солонгоруулах томоохон алхам нь аялал жуулчлал юм. Монголыг зорин ирэх жуулчдыг пургон авч машинаар өдөржин авч давхиж, ходоод гэдсийг нь өвдтөл хорхог, боодгоор шахаж, ядаж модон жорлонд суулгаж мэл гайхуулалгүй буцаах хэрэгтэй. Аялагчид өөрсдийн амьдралдаа дурсамж, адал явдлыг бий болгохоор гадаад улсыг зорьдог. Тэгвэл тэднийг хүй нэгдлийн үе мэт бохир заваан орчинд буцахын түүс болгож тэвдүүлмээргүй байна. Манай аялал жуулчлалийн үйлчилгээ үзүүлдэг газруудын үйлчилгээ ямар байдаг билээ. Ядаж наад захын стандарт хангадаг уу гэдгээс жуулчдыг татах ажлаа эхлүүлэх ёстой юм.

Чингис хаан олон улсын нисэх буудал бол Монгол Улсын нүүр царай. Нүүр царайнаасаа эхлээд халтар хүүхэд шиг юм угтаад авбал жуулчдад лав таатай санагдахгүй. Тиймээс урин дулаан цаг ирж жуулчид монголыг чиглэхээс урьтаж Б.Бат-Эрдэнэ сайд “нисэх буудлынхаа нүүрийг угаа. Бохир заваан орчноосоо сал” гэж зандарсан нь харин ч зөв. Төрийн сайд бодлоготон байх хэрэгтэй гэж шуугиж байгаатай санал нийлнэ. Ажлын өдрүүдээр бодлогын зүйлсдээ анхаарч, амралтын өдрүүдээр аар шаахсан гэж гоочлоод байгаа энэ ажилдаа явах нь зөв. Сүүлийн 30 жилд монголчууд ажил хийх бус аргалж өдөр хоногийг өнгөрүүлсээр ирснийг Б.Бат-Эрдэнэ сайдын гэнэтийн шалгалтаас харж болно. Дэлхийд хамгийн хариуцлагатай, ёс зүйтэй япончуудын менежементийг нь хийж буй Чингис хаан олон улсын нисэх буудал хариуцлагатай, цэвэр байж чадсан уу. Монголд биш Японд байсан бол яах байсан бол. Япончуудыг хүртэл өөрсөд шиг залхай болж чадсан байна, бид. Заавал сайд нь очиж үглэж, загнаж байж ажил хийдэг болсон байна, бид. Хэрэв хэнээр ч хэлүүлэлтгүй ажлаа хийчихдэг байсан бол Б.Бат-Эрдэнэ сайд тэнд очиж үглэх шаардлагагүй байлаа.

Тиймээс Төрийн сайд гээд өрөөнийхөө цонхоор хараад зогсолгүй улсынхаа нүүр царайг цэвэрхэн байлга гэж зандарсан сайдыг буруутгах арга алга. Монгол Улсын Засгийн газар Welcome To Mongolia хөтөлбөрийг энэ оноос эхлүүлэн 2025 оныг дуустал хэрэгжүүлж, жилдээ нэг сая жуулчин Монгол Улсад авахаар чамгүй хөрөнгө зарж байгаа юм. Тиймээс хүний юманд гээд хүрз байсан гадны хүн шиг хандалгүй хандлагаа өөрчилж, хамтдаа шаардлагаа тавьдаг болмоор байна. Нисэхийнхээ үүднээс эхлээд нус, цэр, татсан тамхины ишээ хамаагүй хаядаг “хэнэггүй монгол зангаа” ч бид засах цаг болж. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу