“Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн дор зохиогдож буй “Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспо” БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотноо үргэлжилж байна. Энэхүү экспод Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Т.Энхтүвшин, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт тэргүүтэй УИХ, Засгийн газрын төлөөлөгчид оролцож буй юм.

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспо”-гийн “Умард зүгт чиглэсэн үндэсний нээлттэй бодлогын хүрээн дэх худалдаа, эдийн засаг” сэдэвт чуулга уулзалтад оролцож, үг хэлэв. Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг нар чуулга уулзалтад илтгэл тавьж оролцсон бөгөөд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд зам, тээвэр, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн томоохон төслүүд, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар танилцуулжээ.

Шадар сайд С.Амарсайхан Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дэд дарга Хө Вэй, ӨМӨЗО-ы Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн тэргүүлэгч Жан Янькүн нартай хоёр талт уулзалт хийжээ. Тэд хоёр орны улс төр, худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, цар тахлын дараах хөгжлийн шинэ боломж, хөрөнгө оруулалтын төсөл, ирээдүйтэй чиглэлүүдийн талаар ажил хэрэгч яриа хэлэлцээ өрнүүлсэн байна.

Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн экспогийн хоёр дахь өдөр “Түмэн газрын цайны зам” олон улсын соёл, аялал жуулчлалын танилцуулах хурал, “Монгол-Хятадын олон улсын стандартчиллын 2 дугаар чуулга уулзалт”, “Монгол, Хятадын Эмэгтэйчүүдийн хөгжил, хамтын ажиллагаа хурал”, “Монгол-Хятадын Замын-Үүд, Эрээний хамтарсан эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх дугуй ширээний уулзалт зэрэг нийт 8 салбар хуралдаан зохион байгуулагдаж, Монгол Улсын холбогдох салбарын төлөөлөгчид илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Монгол Улсын хүнс, арьс шир, ноос, ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 гаруй бизнес эрхлэгч, аж ахуйн нэгж үзэсгэлэн яармагт оролцож байна.

Тус экспо цар хүрээгээ тэлж, 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж бараа бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байгаа аж.

“Монгол, Хятадын дөрөв дэх удаагийн Экспо” хоёр улсын “Иж бүрэн стратегийн түншлэл”-ийн үзэл санаанд нийцүүлэн эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх ач холбогдолтой бөгөөд арга хэмжээ 9 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл үргэлжлэх билээ.

 

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу