Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын тэргүүн Тедрос Гебрейесус Женевт мэдээлэл хийхдээ “Covid-19-ийн мутацчилагдсан хувилбар болох EG.5-ын улмаас Ойрхи Дорнод болон Азид нас баралт нэмэгдэж, Европ даяар эрчимт эмчилгээнд орох хүний тоо өссөн, мөн өөр олон бүс нутагт эмнэлэгт хэвтэн эмчлүүлэгчдийн тоо нэмэгдэж буй дүр зураг ажиглагдаж байна” гэж ярьжээ.

Тэрбээр мөн “Covid-19-ийн мутацчилагдсан XXB дэд хувилбаруудын тоо буурсан, харин BA.2.86 хэмээх хувилбар дэлхийн 11 улсад бага хэмжээнд илэрсэн” гэж мэдээлсэн байна.

Европын өвчлөлд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс “Covid-19”-ийн хүчтэй хувьсалд орсон BA.2.86 хэмээх албан нэршилтэй, “Пирола” хувилбар өнгөрсөн наймдугаар сарын дундуур үе үе илэрч байсан, саяхнаас халдвар эрчимтэй өсөх нэг шалтгаан нь үүнтэй холбоотой байж болзошгүй гэж мэдэгджээ.

Өнгөрсөн зуны туршид Европын олон оронд “Covid-19”-ийн өвчлөлийн шинэ тохиолдлуудын тоо мэдэгдэхүйц нэмэгджээ. Европын Эрүүл мэндийн салбарын албаныхан улс орнуудыг хүйтний улирал ойртсонтой холбогдуулан “Covid-19”-ийн эсрэг вакцинжуулалтаа хоёр дахин эрчимжүүлэхийг, ялангуяа архаг хууч өвчтэй зэрэг эрсдэлт бүлгийнхний хамрагдалтад анхаарахыг уриалж буй юм байна.

Европын Эрүүл мэндийн агентлагийн захирал Андреа Аммон “Covid-19”-ийн шинэ тутам илэрч буй хувилбарууд илүү хүнд өвчлөлтэй холбоотой гэж үзэх, мөн вакцины үр нөлөө буурсан гэх ямар ч баримт нотолгоо байхгүй байна” гэж ярьжээ.

Мэргэжилтнүүдийн үзсэнээр, халдварын тохиолдлууд саяхнаас илт нэмэгдэх болсон нь аялал зугаалгын улирал, олон хүн нэг дор цугларсан томоохон хурал, чуулга уулзалтын тоо нэмэгдсэн үетэй давхцаж байгаагийн дээр хүмүүсийн халдварын эсрэг дархлаа ерөнхийдөө суларсантай холбоотой байгаа аж.

Эх сурвалж: WHO, BLOOMBERG
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу