БНСУ-ын Хууль зүйн яамнаас хууль бусаар оршин сууж байгаа гадаадын иргэдэд зориулсан сайн дураар нутаг буцах тусгай хөтөлбөр хэрэгжүүлэхээр болсонтой холбогдуулан Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдэгдэл гаргажээ.

Мэдэгдэлд дурдсанаар, дээрх тусгай хөтөлбөрийн хүрээнд 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сайн дураар нутаг буцах гадаадын иргэдийг торгуулиас чөлөөлж, хилээр буцаж орох эрхийг хязгаарлахгүй байх арга хэмжээ авахаар болсон байна.

Энэ нь БНСУ-д оршин суух дэг журмыг сахих, тус улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа баривчилгааны аяны хүрээнд гадаадын иргэн өөрөө сайн дураараа нутаг буцах тохиолдолд тухайн иргэнд урамшуулал олгож, сайн дураараа нутаг буцах боломжийг олгох түр хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөр аж.

Гэхдээ уг хөтөлбөр хууль бусаар хил нэвтэрсэн, хуурамч гадаад паспорт ашигласан, эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон хилээр гарах шийдвэрийг хэрэгжүүлээгүй иргэнд хамаарахгүй бөгөөд дээрх хөтөлбөрт хамрагдаж, нутаг буцах хүсэлтэй иргэд БНСУ-ын Хууль зүйн яамны лавлах утас 1345 тусгай дугаарт холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авахыг зөвлөжээ.

БНСУ-д хууль бусаар оршин суугаа гадаадын иргэн энэ удаагийн нутаг буцах хөтөлбөрийн явцад сайн дураар нутаг буцаагүй, баривчилгаанд өртсөн тохиолдолд албадан нутаг буцаагдах ба тухайн иргэн багадаа 30 сая воны торгууль төлж, хилээр дахин нэвтрэх эрхээ хязгаарлуулах зэрэг хатуу арга хэмжээ авах юм байна.

Тус улсад хууль бусаар оршин суугаа гадаадын иргэдтэй тэмцэх гурав дахь удаагийн аяныг энэ оны аравдугаар сараас үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байгааг БНСУ-ын Хууль зүйн яамнаас мэдэгджээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу