Марокко улсын Марракеш хотоос 80 км зайд хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 632 болж, 329 хүн шархадсан талаар тус улсын төрийн мэдлийн “Аль-Аула” телевиз мэдээлжээ.

Европ-Газар дундын тэнгисийн газар хөдлөлт судлалын төв (EMSC)-өөс мэдээлснээр, Мароккод 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт 840 мянга орчим хүн амтай, аялал жуулчлалын алдартай төв болох Марракеш хотоос баруун өмнө зүгт 72 км-ын зайд орших Өндөр Атлас ууланд байсан аж.

НҮБ Марокко улсад хүчтэй газар хөдлөлт болсны дараа тус улсын засгийн газарт туслахад бэлэн байгаагаа мэдэгдлээ.

НҮБ-ын тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик “Өнөөдөр Марокко улсад газар хөдлөлт болж, олон хүний ​​амийг авч одсон тухай мэдээг аваад, Ерөнхий нарийн бичгийн дарга гүнээ харамсаж байна” гэж мэдэгджээ.

Тэрбээр “Ерөнхий нарийн бичгийн дарга энэ хүнд хэцүү цаг үед Мароккогийн засгийн газар, ард түмэнтэй эв санааны нэгдэлтэй байгаагаа илэрхийлж байна. Тэрбээр амиа алдагсдын ар гэрийнхэнд гүн эмгэнэл илэрхийлж, гэмтэж бэртсэн хүмүүст хурдан эдгэрэхийг хүсэж байна” гэж мэдэгдсэн байна.

“Goud” цахим хуудаст мэдээлснээр, Эль-Хауз, Чичауа, Уарзазат мужууд болон Марракеш хотод олон арван хүн амиа алджээ. Газар хөдлөлтөд нэрвэгдсэн бүс нутгуудад цахилгаан эрчим хүч, үүрэн холбооны сүлжээ тасарсан байна. Мароккогийн аялал жуулчлалын төв, соёлын нийслэл болох Марракеш хотод, мөн тус улсын рашаан сувиллын хамгийн том хот болох Агадирд олон барилга, байгууламж нуржээ.

Газар хөдлөлтийн чичирхийлэл Агадир, Касабланка, Кенитра, Рабат, Эссауира зэрэг Мароккогийн хэд хэдэн томоохон хотод мэдрэгдсэн байна. Аврах ажиллагаа үргэлжилж буй бөгөөд байгалийн гамшгаас учирсан хохирлыг үнэлж байгаа аж.

Мароккогийн Үндэсний геофизикийн хүрээлэнгээс мэдээлснээр, орон нутгийн цагаар Баасан гаргийн 23:11 цагт 7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн голомт Марракеш-Сафи бүс нутагт багтдаг Эль-Хауз мужийн нутагт 8 км-ын гүнд байсан аж.

Мароккод өмнө нь 2004 оны хоёрдугаар сарын 24-нд хойд нутгийн Эль-Хосейма мужид 6.3 магнитудын хүчтэй газар хөдөлж, 628 хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: ВВС, RT
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу