Халдварт өвчин судлалын үндэсний төвийн яаралтай тусламжийн тасагт хоногт 40-60 орчим хүн үйлчлүүлж байгаагаас 30 орчим хувь хүн гэдэсний халдварт өвчнөөр ханджээ. Тодруулбал, энэ долоо хоногт гэдэсний халдварын 72 тохиолдол бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногоос 10-аар нэмэгдсэн үзүүлэлт аж.

Энэ төрлийн халдварт өвчнөөр эмнэлэгт хандаж буй иргэдийн 90 орчим хувь нь гэдэсний цусан суулга өвчнөөр өвчилжээ. Мөн гэдэсний халдварт өвчнөөр ихэвчлэн 0-9 хүртэлх насны хүүхдүүд өвчилдөг. Улмаар хичээл сургуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбоотойгоор нэмэгдэх болсон байна.

ХӨСҮТ-ийн мэргэжилтнүүд “Бохир гар болон ус, хоолоор дамжин нарийн бүдүүн гэдсэнд халдварлаж, гэдэс өвдөх, дотор муухайрах, суулгах, толгой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрдэг. Энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд бүх төрлийн хоол хүнсийг хадгалалтын зөв горимд хадгалж, бүтэн боловсруулж идэх хэрэгтэй.

Мөн сургууль цэцэрлэг орохоор эцэг, эхийн хараа хяналт алдагддаг. Тиймээс гадуур гараа угаахгүй юм идэх зэргээс хамаарч халдвар гардаг. Мөн гэдэсний нян халдварлах чадвар маш өндөр байдаг тул халдвар илэрсэн тохиолдолд тухайн хүүхдийг түр тусгаарлах хэрэгтэй” гэж зөвлөжээ.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу