Мароккод болсон хүчтэй газар хөдлөлт 2100 гаруй хүний ​​аминд хүрч, газар хөдлөлтийн голомт болсон алслагдсан тосгоныг балгас болгожээ.

Ням гаргийн үдээс хойш шинэчлэгдсэн мэдээллээр, амиа алдагсдын тоо дор хаяж 2122 болж, 2421 хүн гэмтэж бэртэн, олон хүний ​​биеийн байдал хүнд байна гэж албаны хүмүүс мэдэгдэв. Аврагчид Өндөр Атлас уулсын алслагдсан хэсгүүдэд нурсан байшингуудын нуранги ухаж байгаа тул хохирогчдын тоо цаашид ч нэмэгдэх төлөвтэй байгаа аж.

Өнгөрснө долоо хоногийн Баасан гаргийн орой тус улсын өмнөд хэсэгт Марракеш хотоос 80 километрийн зайд 6.9 магнитудын хүчтэй газар хөдөлсөн тухай Европ-Газрын Дундад тэнгисийн газар хөдлөлт судлалын төвөөс (EMSC) өмнө нь мэдээлсэн бөгөөд 19 минутын дараа дахин 4.9 магнитудын хүчтэй чичирхийлжээ.

АНУ-ын Геологийн албанаас “Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаргийн орой 6.8 магнитудын газар хөдлөлт болсон нь эртний Марракеш хотын эргэн тойронд сүүлийн зуунд тохиосон хамгийн хүчтэй газар хөдлөлт боллоо” гэж мэдээлэв.

Мароккогийн Геофизикийн төвөөс мэдээлснээр, Атласын нурууны бүсэд 7.2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. АНУ-ын Геологийн алба газар хөдлөлтийн хүчийг 6.8 магнитуд гэж тооцоолж, 18.5 км-ын гүнд болсон гэж мэдээлжээ.

Газар хөдөлсөн уулын бүс нь Марракеш хотоос баруун өмнө зүгт 70 орчим км зайд оршдог байна. Газар хөдлөлт орон нутгийн цагаар 23:00 цаг өнгөрч байхад болж, эрэг хавийн Рабат, Касабланка, Эссауира хотуудад мэдрэгджээ.

Байгалийн гамшгийн улмаас Марракешт 1985 онд ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад оруулсан дундад зууны үеийн алдартай хорооллын (медина) олон барилга нурсан байна. Марракеш бол олон улсын ач холбогдолтой аялал жуулчлалын төв бөгөөд тус улсын соёлын нийслэл юм.

Мароккогийн хаан VI Мохаммед тус улсад гурван өдрийн гашуудал зарлаж, төрийн далбааг хагас бөхийлгөхийг үүрэг болгожээ. Олон мянган хүний амь насыг авч одсон газар хөдлөлтийн уршгийг арилгахад олон улс орон Мароккогийн эрх баригчдад тусамж үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсээр байгаа аж.

Эх сурвалж: CNN
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу