DOBU.mn сайт аймгуудын Засаг дарга нарын талаарх мэдээллийг цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Энэ удаад бид Булган аймгийн Засаг дарга Батбаярын Ариун-Эрдэнийг онцолж байна.

Ардчилсан намыг Монгол Ардын намд “зарсан” гэх хар түүхийн эзэн экс Төрийн тэргүүн Халтмаагийн Баттулга. “Монгол ялна” уриатайгаар 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин ялалт байгуулсан ч “Ардчилсан намаа л ялж, Монгол ялагдсан” гэх хэргийн эзэн хэнгэргийн дохиур.

2020 оны орон нутгийн сонгуульд Ардчилсан нам есөн аймагт ялалт байгуулахад өөрийн хамаарал бүхий хэдэн бөхчүүдээр аймгийн Засаг дарга тавьсан байдаг. Үүний нэг нь Булган аймгийн Засаг дарга Батбаярын Ариун-Эрдэнэ. 2004 онд Булган аймгийн баяр наадамд аймгийн арслан Д.Самданжамцыг даван түрүүлж, аймгийн арслан цол хүртсэн.

Жүдо бөхийн Ази тивийн аваргын мөнгөн медальт, Монгол Улсын найман удаагийн аварга, самбо бөхийн дэлхийн аварга, Ази тивийн тав, Монгол Улсын 13 удаагийн аварга бөх. Энэ амжилтыг нь үнэлж Х.Баттулга Ерөнхийлөгчөөс буухынхаа өмнө 2021 оны тавдугаар сарын 26-нд Монгол Улсын гавьяат тамирчин цол хүртээж байв.

Дархан аварга А.Сүхбат “Бөх бол төр юм” гэж хэлэхэд ард түмэн дургүйцэж байв. Тэгвэл бөх бол төр гэж хэлсэн нь буруу биш байгааг Б.Ариун-Эрдэнээс харж болно. Үндэсний бөх, самбо, жүдо бөхөөр амжилт гаргасан ч “ах” Тулгынхаа ачийг хариулахаар Булганд очиж хөдөө хөхөрч, гадаа гандаж сууна.

Х.Баттулгын бие хамгаалагчаас Булганы Засаг дарга болсон гэдэг яриа зүгээр ч нэг гарчихаагүй юм. Түүнийг одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа аймгийн Засаг даргаар батламжилж байлаа.

Булган аймгийн иргэд УИХ-д МАН-аас нэр дэвшсэн Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар нарыг парламентад илгээсэн ч орон нутгийн сонгуульд АН-д итгэл үзүүлсэн нь Б.Ариун-Эрдэнэ гэх бахим залуу ард түмнийхээ ариун итгэлийг хүлээх боломжтой болсон юм.

Булган аймаг бусад аймгуудын дэргэд хөгжил буурай гэхэд болно. Б.Ариун-Эрдэнэ ирээд ч аймагт нь ямар нэг өөрчөлт гараагүй юм. Аймгаа хөгжүүлэхээс илүү 2024 оны сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж, Х.Баттулгын парламент дахь дархлаа болох нэг суудлыг олж ирэх даалгавартай ажиллаж байна.

Харамсалтай нэг явдлыг өгүүлэхэд, Булган аймгийн Ардчилсан намын дэд дарга С.Гал-Эрдэнийн оффист Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр багын найз, улсын начин Э.Энхбатын амь насыг зэрлэгээр хөнөөхөд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ хамт байсан талаарх мэдээлэл гарсны дараа “Би гэрийн тусгаарлалт байсан. Зодоон болох үед тэнд байгаагүй” гэх утга бүхий зүйлийг цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байдаг.

Тухайн зодооны үед хэргийн газарт байсан гэх МҮХАҮТ-ийн Ерөнхийлөгч О.Амартүвшин “Би тэр зодооны үед байгаагүй. Маргааш өглөө нь сошиалаас олж мэдээд, Б.Ариун-Эрдэнэ даргыг дуудаад, ГССҮТ-д очиж, Э.Энхбатын ар гэрийнхэн, эмч нартай нь уулзсан” гэх тайлбар хийсэн. Гэхдээ Б.Ариун-Эрдэнэ гэртээ тусгаарлалтад байхад О.Амартүвшин дуудаж, гэрийн тусгаарлалтаасаа оргож босон, хамтдаа ГССҮТ-д очсон гэхээр үнэмшил муутай сонсогддог.

Б.Ариун-Эрдэнэ 2014 оноос Булган аймгийн Ардчилсан холбооны дарга, 2017 оноос Булган аймгийн Ардчилсан намын даргаар ажиллаж буй. Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн, Булган аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн, Булган аймгийн Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн, Монголын Жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч, Монголын самбо бөхийн холбооны Гүйцэтгэх захирал, Булган аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн, Монгол-Хятадын бизнесийг дэмжих “Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүний сонгуульт ажилтай.

Түүний энэ намтар Монгол Улсын хөгжлийг 20 жилээр хойш татсан Х.Баттулгаас салгаж харахын аргагүй байгаа биз. Тэрбээр Төрийн тэргүүн болсны дараа Б.Ариун-Эрдэнийг “Монголросцветмет нэгдэл” төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Шижир алт” компанийн захирлаар 2018-2020 онд ажиллуулсан байдаг. МАН ялсан он жилүүдэд АН-ынханд орох оготны нүх ч олдохгүй байтал Б.Ариун-Эрдэнэ ахаараа крандуулж өгссөөр байсан юм.

Б.Ариун-Эрдэнэ дарга 2021 орд Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 26 сая 958 мянга, гэр бүлийн гишүүдийн орлогоо 9 сая 254 мянга гэж мэдүүлж байв. Тэгвэл 2022 оны Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн орлогыг 268 сая 669 мянга, гэр бүлийн гишүүдийн орлогоо 100 сая 321 мянган төгрөг хэмээн мэдүүлснээс харахад түүний орлого үлэмж нэмэгдсэн байна.

Мөн 1 тэрбум 54 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууц, нэг граштай гэж мэдүүлсэн бол 197 сая төгрөгийн үнэ бүхий land cruiser 200 маркийн автомашинтай гэжээ. Хурдан удмын адуу 135, Үхэр 104, Ямаа 80, Хонь 52 толгой малаа 5 тэрбум 450 сая төгрөгөөр үнэлсэн байх юм.

Эзэмших 343, 49961, 696м2 газартай. Гэхдээ энэ газраа нэг ч төгрөгөөр үнэлээгүйг бодоход ямар ч үнэгүй байж таарах нь. Өнөөдөр жорлонгийн газар ч үнэ хүрч байхад энэ газрууд үнэгүй байна гэж баймааргүйсэн. 600 сая төгрөгөөр хэмжигдэх үнэт эдлэлтэй, 137 сая төгрөгийн зээл, 197 сая төгрөгийн авлагатай гэжээ. “ЕвроАзи Жем” ХХК, “Лаки небула” ХХК, “Эй Эс Өү” ХХК-д хувь эзэмшдэг юм байна. Тэрбээр хөрөнгө орлогоороо бусад аймгийн Засаг дарга нараа хол тасархай тэргүүлсэн байдаг.

Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ үндэслэлгүй хөрөнгөжсөн, бусдаас авлига авсан, ХОМ-ээ буруу мэдүүлж, зарим хөрөнгө орлогоо зориудаар нуун дарагдуулсан Эрүүгийн гэмт хэргийг шалгаж тогтоосон талаар өнгөрөгч хавар мэдээллүүд гарч байсан. ЗГХЭГ-аас ажлын хэсэг гарч ажиллан, түүнийг огцруулахаар болсон гэж мэдэгдэж байсан ч нам дарагдаад өнгөрсөн юм.

Засгийн газрын “Шүүр” ажиллагааны хүрээнд албан тушаалаас нь чөлөөлнө гэж яригдаж байсан ч “сайн” ахын буянаар албандаа тогтож үлдсэн гэх мэдээлэл бий. Түүнчлэн аймгийн Засаг даргын тамгын газарт эрүүгийн хэрэгт холбогдож байсан хүмүүсийг албан тушаалд томилж ирсэн нь иргэдийнхээ дургүйцлийг ихээр төрүүлж байсан билээ.

Түүний боловсрол, ажлын туршлагатай танилцъя.

Боловсрол:

1990-2000 онд Булган аймгийн Эрдмийн Өргөө цогцолбор сургуулийг

2000-2004 онд  Их засаг Олон Улсын Их Сургуулийг “Эрх зүйч” мэргэжлээр

2011-2013 онд Санхүү Эдийн Засгийн Их Сургуулийг “Бизнесийн  удирдлагын менежмент” мэргэжлээр

2016-2017 онд Америкийн Нэгдсэн Улсын Сан-Франциско хотод ”Англи хэл”-ний бэлтгэл курст тус тус суралцаж төгссөн.

Сонгуульт ажил:

2014 оноос Булган аймгийн Ардчилсан холбооны дарга

2017 оноос Булган аймгийн Ардчилсан намын дарга

Ардчилсан намын Үндэсний Бодлогын Хорооны гишүүн

Булган аймгийн Сагсан бөмбөгийн холбооны тэргүүн

Булган аймгийн Самбо, жүдо бөхийн холбооны тэргүүн

Монголын Жүдо бөхийн холбооны Дэд ерөнхийлөгч

Монголын самбо бөхийн холбооны гүйцэтгэх захирал

Булган аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гийн тэргүүн

Монгол Хятадын бизнесийг дэмжих ”Эрдэнэс санхүү, хөрөнгө оруулалтын сан”-гийн тэргүүн

Ажлын туршлага:

Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Орон тооны зөвлөх  2014-2016 он

“Монголросцветмет нэгдэл” Төрийн өмчит үйлдвэрийн газрын харьяа “Шижир алт” компанийн Захирал 2018-2020 он

Булган аймгийн Засаг дарга 2020 оноос хойш ажиллаж байна.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу