Залууст урам зориг, итгэл төрүүлэхүйц дуу бүтээдэг реппер ThunderZ анхны бие даасан тоглолтоо амжилттай зохион байгуулсан юм. Зуны турш цэнгэлдэх хүрээлэнд тоглолт болж, хөл гишгэх зайгүй байлаа.

Харин тэр тоглолтоо бүгдээс тэс өөрөөр хийж чадсан гэхэд буруудахгүй. Анх уран бүтээл эхэлж байхаас нь л түүнд ‘өгөгдөл байсан” гэлцдэг. Зөвхөн өгөгдлийг бүрэн боловсруулахад тууштай хичээл зүтгэл хэрэгтэй. Хичээл зүтгэлийн үр дүн нь мэдээж “Нэг л өдөр” хэмээх тоглолт байлаа. Төв цэнгэлдэх хүрээлэнд дахин нэг дүүрэн тоглолт болж, нийслэл хотыг маань доргиогоод амжлаа.

Энэхүү тоглолт хэд хэдэн онцлох зүйлстэй. Онцлох гэж байгаа шалтгаан нь гэвэл ThunderZ-ийн дуу болгон хэлэх утга санаатай, нийгмийг эрүүлээр харсан бүтээлүүд байдаг. Энэ утгаараа ч олны сэтгэл хөдлөл эрүүл байгаа нь харагдана. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үзэх хэсэг байгуулсан нь хамгийн “догь” санаа юм. “Байгаагаар минь хүлээж авах уу?” гэх нийгмийн нэг хэсгийн дуу хоолойг ThunderZ үргэлж сонсож, мэдэрч ирсэн ажээ.

Тэр зүгээр нэг сэтгэл доторх зүйлсээ нэгтгэн, аянд эвлүүлж бүтээл хийдэггүй. Мөн тэр асар их зорилго, тэмүүлэлтэй нэгэн болох нь “Ганцхан шалтгаан”, “Бүгд тэгээс эхэлдэг” гэх мэт олон уран бүтээлээс нь харагддаг. Тоглолт дундаа орох үед үзэгчдийн хүлээлт ямар их байсан нь улам их мэдрэгдэнэ. Тоглолт бүрд өөрийн гэсэн уур амьсгал байдаг.

Саяхан болсон “Татар-20 жил: Бороо” тоглолтын хувьд хэрхэн өрнөж, дэг журам алдагдсаныг санаж байгаа биз ээ. Тэр мэтчилэн уур амьсгал хэрхэн бий болдог нь ерөнхийдөө тухайн уран бүтээлчтэй холбоотой юм. Тоглолтод ирсэн залуусаас эрч хүч, зоригтой бадрангуй байдал харагдах хэр нь дотроосоо зөөлөн уур амьсгал харагдана. Ирээдүй гэрэлтэй байгаа, итгэлтэй байж болно гэх шиг тэд цэнгэлдэх хүрээлэнг дүүрэн гэрлээр гэрэлтүүлж байлаа.

Тоглолтод ирсэн залуус түүний дуунаас урам, итгэл, зориг олж авдаг нь хамгийн сайхан зүйл байсан юм. Энэ удаагийн тоглолтын зохион байгуулалт, олны дэг журам, өнөөх л бие засах газрын асуудал зэргийг ярихаас түр татгалзаж, эрч хүчтэй эерэг энергитэй байхыг илүүд үзэв.

Бүгд тэгээс эхэлдэг.
Би ч бас тэндээс ирсэн.
Одоо чиний ээлж.

Дууныхаа аль нэг хэсэгт, эсвэл бүхэлд нь урам өгч, хүч сэлбэсэн үгс бичдэг нь түүнд сонсогчид нь хайртай байдгийн баталгаа. Мөн тэр өөрийгөө ч хүчжүүлэн, хөгжүүлж ирсэн. Тиймээс тэр бол урам өгөгч, уучлал хэлүүлэгч, урагшаа тэмүүлэгч нэгэн залуу юм. Үүнээс цааш ч түүний хийж бүтээх хүсэл нь улам бүр асаж эхэлсэн байх. Тэр гал ямар халуунаар төөнөж, түүгээр бусдыгаа гэрэлтүүлэх нь мэдрэгдсэн тоглолт байлаа. Баярлалаа ThunderZ.

Х. БОЛД

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу