Хэн нэгнийг дарж авах, өс хонзонгоо тайлах талбар яах аргагүй сошиал болчихоод байна. Эрүүл, галзуу нь мэдэгдэхгүй нөхөд камертай гар утас олж аваад, утсандаа 1000 төгрөгөөр дата авчихбал сошиал орчинд хэнийг ч доромжлох, хэнээс ч өшөө авч болох ийм орчин манайд бий болсон.

Төрийн байгууллагын хаалгыг өшигчин орж байхад нөгөө талд нь хувь хүмүүсийн эрх, эрх чөлөөнд бүдүүлгээр халдаж, үүнийг нь иргэд шударга, зөв зүйл хэмээн хөөрөгдөх болсон. Шударга ёсны төлөөх дуу хоолой, амин хувийн ашиг хайсан дуу хоолой хоёр тэс өөр юм л даа.

Ийм нэг жишээ өчигдөр цахим орчинд өрнөв. Ийм жишээ гэхээс илүүтэй эрээ цээргүй дайралт гэж хэлж болно. “Би Ар Би”, “Броадбэнд”, “Би Ар Би пикчерс”, “Би Ар Би саунд” ХХК-ийн “босс” Ж.Энхжаргалан гэж залуусын дунд энхийн цагаан тагтаа шиг нисэх дуртай нэгэн байх юм.

Авто тээврийн үндэсний төвийн харъяа баруун бүсийн авто вокзалыг Драгоныг нүүлгэсэнтэй холбоотойгоор “Драгон холдинг” ХХК-ийн захирал С.Баярт хүнд цохилтод орсон бололтой юм. Амин зуулганаас нь салгалаа гэж уурласан уу, ямартай ч Авто тээврийн үндэсний төвийн гаргасан шийдвэрийн цаана Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт байгаа гэж хардсаны улмаас түүнийг “онилж” аваад, сошиалаар нүдэж эхлэв.

Нүдэж эхлэх ч юу байх вэ, охин Б.Октябрийнхаа нөхөр Ж.Энхжаргалангаар эрээ цээргүйгээр нэг эмэгтэй рүү дайруулж байгаа харагдсан. Төрийн гаргасан шийдвэрийн цаана эрх ашиг нь хөндөгдсөн хүмүүс үгээ хэлж л байдаг. Гэхдээ Ж.Энхжаргалан шиг мөрөөрөө ажлаа хийж байгаа айлын гэргий, хүний хань, нялх хүүхдийн ээжийг хүний амраг болгон бичдэг цагаандаа гарсан хүн тийм ч их биш.

Ер нь мөнгө цагаан, нүд улаан  гэдэг энэ. Монгол хэлний тайлбар тольд үүнийг хэтэрхий их шуналтай, мөнгө олохын тулд яахаас ч буцахгүй гэсэн санаа хэмээн тайлбарласан байдаг. Баруун бүсийн авто вокзалыг буцааж Драгон руу авахын тулд хүнийг юу ч гэж дайрч мэдэх аж. Сошиал гэж хүнийг амьд явах эрхэд бүдүүлгээр халддаг харанхуй хар ангал болчихов. Үүнд зохист хэм хэмжээ гэж байдаг бол үүнийгээ хэдийнэ давчихсан.  

Олон жилийн турш буруу замаар будаа тээсэн Драгоныг цэгцлэх асуудал хөндөгдөх байсан. Гагцхүү хэзээ вэ гэдэг л цаг хугацааны асуудал байв. “Драгон холдинг” ХХК 2011 онд Драгон олон улсын зорчигч тээврийн үйлчилгээний терминал болох төсөл боловсруулан, Засгийн газрын хөнгөлөлттэй зээл авч ашиглалтад оруулсан байдаг. Чингэхдээ анх үзүүлж байсан ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаагүй л юм билээ. Гоё ганган зураг шигээ, хонгил туннелгүй баригдсан гэхчилэн олон зүйл ярьж болох.

Ж.Энхжаргалангийн хувьд цахим орчин, хэвлэл мэдээлэлд гарснаар тийм ч ариухан нэгэн биш аж. Хөгжлийн банкны асуудал сөхөгдөхөд “Драгон холдинг” ХХК Төрийн банкаар дамжуулан “Цэвэр ус савлах, сав баглаа боодлын үйлдвэр байгуулах төсөл”-д 8.4 тэрбум төгрөгийн зээл авсан боловч зориулалтын дагуу зарцуулаагүй гэх дүгнэлт гарсан байдаг.

Ж.Энхжаргалан “Эхнэрийн гэр бүлийнхэн Хөгжлийн банкны зээл авсныг мэдээгүй” хэмээн мэдэн будилсан байдаг. Гэтэл зээлээ зориулалтын бусаар зарцуулсан компаниуд хуулийн байгууллагаар гэм буруутай нь тогтоогдон зохих ял, шийтгэлээ авцгаасан. Тэд харин үүнээс сугарч үлдсэн байдаг.

Ж.Энхжаргалангийн хадам аав С.Баярт МАН-д олон жил зүтгэсэн Сонгинохайрхан дүүргийн МАН-ын гол хүн болж явсан цаг саяхан. Дүүргийн ИТХ-д өөрийн байр суурь эзэлж явсан юм билээ. Үүнийг залгамжилан хүргэн хүү нь мөн л МАН-ынхантай холбогддог. Соёлын сайд Ч.Номингоор дамжин дрон шоунаас 170 гаруй сая төгрөг авсан талаарх баримт дэлгэгдэж байв. Мөрийтэй тоглоом, хар тамхины асуудал түүнтэй холбогддог.

Мөн Lil Pump гэх гадны дуучинд монгол эмэгтэйг зуучилсан талаар мөн л шуугиж байлаа. Тухайн дуучны эрээ цээргүй бичлэг ил болж, Ж.Энхжаргалан ч тэр үед усанд хаясан чулуу шиг алга болж байсан. Энэ бол цахим болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олонд ил болсон зүйлс.

Нэг хүний халаас хэтэвчний асуудал бус нийтийн эрх ашгийн үүднээс гаргасан шийдвэрийг улдан эсэргүүцдэг увайгүй арга барилаар хэн рүү ч хамаагүй дайрдаг Ж.Энхжаргалангууд энэ нийгмийн шарилж болж байна.

Хөгжлийн банкнаас зээл авахад нь эхнэрийн гэр бүлийн компани зээл авсныг мэдээгүй гэж мулайж байсан ч энэ удаа эхнэрийнхээ бүлийн компанийн төлөө эрээ цээргүй аашилж байгаа нь өөрийг нь муухай харагдуулж байгааг гадарлаж байгаа болов уу. С.Баяртын хүргэн балайрч байна, баахан мөнгөө алдаад уйлж байна гэдэг хэлц хүртэл гарсан байна шүү.

Э.СӨРӨЛТ

1 сэтгэгдэл

  1. Байнга Бямбоцогт УИХ гишүүн нэрээр авч байснаас дээр л байна даа …

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу