Германы сонгодог зохиолч, яруу найрагч, найруулагч, театрын онолч Бертольт Брехтийн алдарт зохиолуудын нэг болох “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” жүжиг 2022 оны 18-нд Улсын драмын эрдмийн театрын тайзнаа тоглогдсон билээ. Тус жүжиг энэ оны есдүгээр сарын 9-нд Хүүхдийн ордын тайзнаа тавигдаж, дахин үзэгчдийн хүртээл боллоо.

Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн алдарт зохиолуудын нэг нь “Сычуаны сайн хүн” бүтээл юм. Олон шүүмжлэгч уг жүжгийг Брехтийн “Туульсын театр”-ын шилдэг жишээнүүдийн нэг гэж үздэг аж. Жүжгийн үйл явдал дэлхийн нэгдүгээр дайнаас хоёрдугаар дайны хоорондын цаг хугацаанд Хятад улсад өрнөдөг ба Брехт энэхүү жүжигт Хятадын театр урлагийн зарим уламжлалыг шингээсэн гэж үздэг байна.

Жүжгийн гол дүрүүдэд жүжигчин Т.Хулан /Шэн Ти-Шуй Та/, Н.Ялалт /Ян Сун/ нар тогложээ. Туслах дүрүүдэд Н.Сувд /Хатагтай Ян/, Д.Хосбаяр /Усны худалдаачин Ван/, Г.Отгонцэцэг /Бэлэвсэн хатагтай Шин/, Б.Шинэбаяр /Үсчин Шу Ву/, Б.Эрдэнэцэцэг /байшингийн эзэн хатагтай Ми Цү/, Г.Алтангэрэл /Мужаан эр Лин ту/ болон ядуу гэр бүлийн дүрд Б.Бат-Өлзий, Ж.Оюундарь, Ж.Пүрэвдорж, Т.Анхзул, Г.Ганбат, О.Долгор нар ажиллажээ.

Хэвшмэл ойлголтыг эвд

Гэнэт л хажуугийн тайзнаас жүжигчин Н.Сувд инээд цацруулсаар гарч ирнэ. Ямар дүр бүтээж буй талаараа мөн хамтран ажилласан уран бүтээлчдээ танилцуулна. Улаан хөшиг нээгдэж, үзэгчид нам гүм болж, бид жүжиг үздэг. Харин “Сычуаны сайн хүн” жүжиг тус ойлголтыг эвдэв. Тайз бол тэдний дүүлэн нисэх тэнгэр, уйтгарлах үед нөмөр нөөлөг нь, бусдын хайр хүндэтгэлийг хүртдэг гэр орон нь билээ. Жүжгийн турш тэд тайзнаа амьдарлаа.

Үзэгчид Хүүхдийн ордонд тоглосон тус жүжгийг хүүхэд шиг л сониучирхан үзсэн юм. Учир нь жүжигчид тайзны араас бус үзэгчдийн дундаас, хажуугийн хаалганаас, тайзны доороос гээд хэний ч санаанд оромгүй газраас гарч ирнэ. Тэд жүжгийн турш тайзаа орхилгүй нэг хэсэг жүжигтээ орж, өөр үед нь дүрээсээ гараад, тайзнаа зогсох нь содон.

Брехтийн зохиолын баатар, Сычуаны сахиусан тэнгэр Шэн Ти сэтгэлээ уудлан мэгшин уйлж байсан бол гэнэтхэн жүжгээс сарнин одно. Дүрээ өрөвдөж, хайрлаж, түүний төлөө шаналсан Т.Хулан тайзан дээр уйлна. Үзэгчид, жүжигчин ч жүжгээс түр зур амсхийж, өөр рүүгээ өнгийх агшин аятай. Жүжигчин үзэгдэл дууслаа гээд тайзны араар орчихгүй.

Харин эсрэгээрээ урд үзэгдэл явж байхад хойно нь уран бүтээлчидтэйгээ тайзаа засна. Өмнө нь жүжигчин өөрийнхөө үзэгдэлд гарчихаад, дараагийн гарах үзэгдлээ хүлээгээд сууж байдаг байсан бол энэ бүтээлд тийм биш аж. Жүжгийн турш тайзнаасаа холдохгүй жүжгээрээ амьдарч байгаа юм. Уран бүтээлчийн оюунлаг байдал нь театрын үнэт зүйл. Тус бүтээлд ОХУ-ын театр урлагийн сургуулийг зураач мэргэжлээр төгссөн Анна Гребенникова ирж ажилласан юм.

Орос зураач, найруулагч Э.Ёндоншарав нар уранхай цаас, ундааны сав, сантехникийн өргөн хоолойнууд тайзан дээр тоглож болдгийг “Сычуаний сайн хүн” жүжгээрээ харуулсан юм. Нүсэр тайз засалт гэрэлтүүлгээс тэд татгалзжээ. Гурван цаг гаруй үргэлжлэх жүжигт тайзны дээрээс унжсан цаас ядуусын хороолол дахь байр, бурхдын суух сандал, тамхины мухлаг, халуун усны газар, тамхи болж хувирна. Шэн Ти-Шуй, Ян Сун нар дээрээс асгарах бороо ундааны сав гээд бод доо.

Тайз засал, хэрэглэл тэр чигтээ эдгээр залуусыг уламжлалтаа орхилгүй шинэчлэлт рүү тэмүүлж буйг илэрхий харуулжээ.

Өөрийгөө тэднээс хай

Шэн Ти бол ядуусын хорооллын сахиусан тэнгэр бөгөөд түүний нинжин сэтгэл тус хорооллын ядуучуудын идэх хоол амьдрах орон гэр нь болдог аж. Харин тэд нинжин сэтгэлийнх нь хариуд түүнд уйтгар гуниг өрөнд унагааж орхино. Гэвч тэдний Сахиусан тэнгэр нь Шэн Ти хэвээр. Хүн чанараа гээсэн, араатан мэт аашлах хүмүүсийн дунд хөөрхий бүсгүй ганцаараа САЙН ХҮН байгаад нэмэргүй аж. Түүний хайр залуу Ян сун ахуйд эцэс сүүлдээ ахуйд захирагдаж орхино. Бидний амьдралд мөнгө алдар нэр хэрэгтэй.

Бүгд л сайхан амьдрахыг хүсдэг. Гэвч энэ бүхнийг авахын тулд МУУ ХҮН болох ёстой юу. Сайн гэж бодсон хүн ч муу хүн болдог. Эсрэгээрээ муу гэж бодсон хүн Сайн хүн болох боломжтой. Тэгэхээр сайн муу гэдэг зүйл үргэлж арга билиг шиг хосолж байдаг аж. Бид сайн хүн, муу ч хүн.

Яг ингэж энэ жүжигт хүний дотоод мөн чанарыг тусгасан учир энэ жүжгийг хэзээ ч тавьсан нийгэмтэйгээ зохицож байгаа юм. Харин одоогийн Монголын нийгэмд бид өөрсдөөсөө өөрийгөө хайх хэрэгтэй болоод байна. Өөрийнхөө дотроос сайн хүнээ ирж хайхгүй бол муу нь давамгайлсан, нэг нэгнээ хэмлэсэн өөнтөгч нийгэмтэй болжээ, бид.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу