Венецийн кино наадам наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 9-ний өдрүүдэд Итали улсад зохиогдлоо. Тус кино наадмын Оризонти хэсгийн шилдэг эрэгтэй жүжигчин төрөлд найруулагч П.Лхагвадуламын “Сэр сэр салхи” кинонд гол дүр бүтээсэн Б.Тэргэл шалгарчээ.

Энэ жилийн “Оризонти” хэсэгт Монгол, Турк, Мексик, Итали, Испани, Бельги, Тунис, Непал, Шриланк, Швед, Голланд, АНУ, Швейцарь, Румын, Бразил, Гүрж, Португали, Япон зэрэг 20 гаруй олон улсын хамтарсан 18 бүтээл сонгогдон оролцжээ. 80 дахь удаагийн кино наадмын турш “Сэр сэр салхи” бүтээлийг нийт таван удаа толилуулж, 8000 гаруй үзэгчид хүргэжээ. Киног Монгол, Франц, Голландын уран бүтээлчид хамтран хийжээ.

Б.Тэргэл Венец дэх дэлхийн нээлтийн арга хэмжээнд оролцсон хэдий ч шагнал гардуулахаас өмнө Монгол руу буцсан учир түүнийг төлөөлж продюсер Катя Хазак шагналыг хүлээн авлаа. Оризонти хэсэг нь Венецийн кино наадмын гол шагнал болох “Алтан арслан”-ийн төлөөх гол өрсөлдөөнтэй зэрэгцэн явагддаг нэр хүндтэй шалгаруулалт юм.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу