АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамын Ханой хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахдаа дарааллыг нь алдагдуулан будилж, эвгүй байдалд оржээ. Энэ үйл явдлыг “Forbes Breaking News YouTube” сувгаар дамжуулсан байна. Дараа нь тэрбээр ажилтнуудаас тусламж хүсчээ.

Их хорийн дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Саудын Арабын угсаа залгамжлагч, хунтайж Мохаммед бин Салман Аль Саудын нэрийг андуурчээ. Үүний зэрэгцээ нөхцөл байдлыг засах гэж оролдсон нь бүр ч их эвгүй байдалд хүргэсэн байна.

Байден “Энэтхэгийн Ерөнхий сайд Моди болон Саудын Арабын хаан ширээг залгамжлагч, хунтайж Махам бин Салам нарт онцгойлон талархал илэрхийлэхийг хүсэж байна” гээд, алдаагаа засах гэж оролдсон ч хунтайжийн нэр санаад нь буусангүй “Уучлалт гуйя, Мухаммеда Салама” гэжээ.

Өдгөө 80 нас хүрч буй Байден ийнхүү хачирхалтай авирлаж байгаа нь анхны тохиолдол биш юм. Тэрбээр өмнө нь Оросын удирдагч Владимир Путины нэрийг буруу дуудаж, Сирийг Ливи, Иракийг Ирантай андуурч байсан удаатай.

Өнгөрсөн зун Жо Байден Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модийг Цагаан ордонд албан ёсоор хүлээн авахдаа “Ноён Ерөнхийлөгч” гэж хэлэн албан тушаалыг нь андуурсан. Гэвч тэр даруйдаа зочныхоо зэрэг дэвийг буулгалаа гэж наргиан болгож байв.

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Вьетнамд айлчилсан нь Хятадаас хараат байдлыг багасгах хүчин чармайлтын нэг хэсэг бөгөөд Вашингтон, Ханой хоёрын эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэх зорилготойг хэвлэлүүд мэдээлж буй.

Хуучин “дайснууд” 50 жилийн дараа дипломат харилцаагаа албан ёсоор “иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа” болгон дээшлүүлэв. Шинжээчид “Америк Хятадтай үүссэн улс төрийн хурцадмал байдлыг сөрөн зогсохын тулд Азид холбоотонтой болж, гол зорилгодоо хүрэх амбицаа ахиулахын тулд улс орнуудын хоорондын итгэлцлийг бэхжүүлэхийг оролдож буй нь бэлгэдлийн чанартай боловч технологи, тухайлбал чип хийх зэрэгт маш чухал алхам болсон” гэж дүгнэж байна.

Энэтхэгт болсон “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтын дараа хийсэн Байдены айлчлал Дональд Трампын 2019 онд хийсэн айлчлалаас хойш АНУ-ын Ерөнхийлөгчийн Вьетнамд хийж буй анхны айлчлал болж буй юм.

Цагаан ордон “Жо Байден Вьетнамын Ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Тронг болон бусад удирдагчидтай уулзаж, Вьетнамын “технологид төвлөрсөн” эдийн засгийн өсөлтийг дэмжихийн зэрэгцээ бүс нутгийн тогтвортой байдлыг сайжруулах арга замын талаар ярилцсан” гэж мэдээлэв.

Эх сурвалж: CNN, VOA, RIA NOVOSTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу