Монгол Улсын Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од сагсан бөмбөгийн спортоор эх орныхоо нэрийг дэлхийд гаргахыг зорьж яваа. Тэр NBA-д тоглох хүсэл тээн, алхам алхмаар урагшилж явна. Тэгвэл волейболын спортод ч мөн нэгэн тод од гэрэлтэж эхэллээ.

Нэрт дасгалжуулагч, Монгол Улсын Гавьяат багш Д.Ренчингийн ач, “Натур мед Ноён” багийн дасгалжуулагч, ОУХМ Тамираагийн хүү Хангал волейболын спортоор Монголын нэрийг дэлхийд гаргахыг зорьж явна. Тэр зорилгынхоо эхний алхмыг Тайландын дээд лигт легионероор тоглож эхлүүлсэн бол энэ удаа Герман менежер Маркус Лохтай хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Европын лигт тоглох хүсэлтэй түүний хувьд энэ гэрээ том алхам боллоо. Түүний менежерээр ажиллах Маркус Лох хоёрхон хоногийн өмнө сагсан бөмбөгийн Дэлхийн аварга болсон Германы шигшээ багийн хоёр тамирчинтай ажиллаж байжээ. Тэр Т.Хангалын ирээдүй тод гэрэлтэж буйг хэлж, түүнийг амьдралынхаа нэг хэсэг болгон хамтарч ажиллахаа илэрхийлсэн юм. 

Т.Хангал 2022 онд Тайландын волейболын Дээд лигийн “Накхон Ратчасима” клубт легионер тамирчнаар уригдан тоглож эхэлсэн. Тус улсын дээд лигт түүний баг түрүүлж, алтан цомын эзэн болсон юм. Энэ үеэр Т.Хангал MVP /Most Valuable Player/ буюу “Хамгийн үнэ цэнтэй тоглогч”-оор шалгарсан. Тэрбээр тус тэмцээнээс ирснээсээ хойш хэвлэлд ярилцлага өгөөгүй тул энэ удаад бид Тайландын дээд лигийн “Үнэ цэнтэй” тоглогч болсон амжилтаас нь юун түрүүнд хуваалцахыг хүслээ.  

Т.Хангал “Волейболын эрэгтэй шигшээ багийн таван тамирчин гадаадын лигт тоглож байна. Азербайжанд хоёр, Солонгост хоёр тамирчин, Тайландад би тоглож байгаа учраас Монголын волейбол сайн хөгжиж байна гэж хэлнэ.

Тайландын лигт тоглохдоо лиг эхлэхээс 14 хоногийн өмнө очсон. 14 хоногийн хугацаанд бэлтгэл хийж, дасан зохицоод тоглосон болохоор гайгүй байсан. Хамгийн эхлээд Тайландын багтай бэлтгэл хийх гээд очтол манай Монголын волейболоос тэс өөр тоглолттой байсан. Маш хурдан довтолгоо, давуулалттай, холбогч нь ч гэсэн маш хурдан “хаядаг”. Тийм болохоор дасан зохицоход маш хэцүү байсан. Тэр 14 хоногийн бэлтгэл байгаагүй бол тоглоход маш бэрх байх. Манай Тайландын багийнхан ч гэсэн маш сайхан хүлээж аваад, сайхан тоглоод ирсэн” хэмээн сэтгэгдлээ илэрхийлсэн юм. 

Тэрбээр герман менежертэй болж буй талаараа ярихдаа “Маркус Лох маань Монголд ажиллаж, амьдардаг. Өмнө нь Германы сагсан бөмбөгийн клубын менежер хийж байсан туршлагатай. Маш сайн туршлагатай учраас түүнд хувь тамирчны менежер хийх үү гэсэн санал тавьсан. Маркус Лох зөвшөөрсөн. Ингээд бид өнөөдөр хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.

Маркус Лохын Германд ажиллаж байсан сагсны клубын тоглогч өчигдөр сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль авсан гэж сая дууллаа. Тэгэхээр хэр туршлагатай хүн бэ гэдгийг нь эндээс харж болох байх.

Герман менежертэй болж байгаа учраас цаашдаа Европт тоглох бодолтой байна. Энэ жил буюу 2023 оны дээд лигт “Натур мед Ноён” клубийнхээ нэр дээр тоглоно. Ирэх жил сургуулиа төгсөөд, Герман руу явж, бэлтгэл сургуулилт хийх бодолтой байна. Анхан шатны төлөвлөгөө гарсан. Цаашлаад боломжтой бол тэндээ тоглох бодолтой байна” гэлээ.

Хангалтын аав Р.Тамираа хүүгийнхээ менежер хийх хүсэлтийг Маркус Лохт тавьжээ. Эл хүсэлтийг нь Маркус таатай хүлээж авсан байна.

Маркус Лох “Т.Хангал маш залуу, маш өндөр түвшинд тоглож байна. Мөн тэр солгой. Энэ нь спортод маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Би үүнийг нь эртнээс ажиглаж байсан юм. Т.Хангал сургуулиа төгсөх ёстой учир энэ жил Монголд тоглоно. Дараа нь түүнийг гадаадад тоглуулах хүсэлтэй байна.

Зөвхөн тамирчин биш, хувь хүнийх нь хувьд хөгжүүлж, өөрт нь ямар улс орон таарч буйг нь судлаад, тухайн улсад нь тоглуулах болно. Өндөр зэрэглэлийн тамирчин хүний карьерын хугацаа богинохон, 5-10 жил байдаг. Тиймээс түүнийг карьераа дуусахын өмнөх хоёр жилд нь буцаад Монголдоо ирж тоглоосой гэж би хүсэж, зөвлөж байгаа юм.

Миний бодлоор, хувь хүний менежерээс гадна клуб нь сайн менежертэй болох ёстой. Монголд мундаг залуус зөндөө байна. Энэ залуусыг илүү олон спонсортой болгоод, илүү сайн цалин авдаг болгоосой гэж хүсэж байна. Үүнийг дагаад амжилт нь илүү өснө.  

Зөвхөн залуучууд ч биш хүүхэд, эмэгтэйчүүдийн оргил үе нь 10 жил л байна. Энэ хугацаандаа бүх бие, сэтгэлээ зориулж тоглоод, долларын саятан болохгүй ч маш сайн цалинтай, өндөр зэрэглэлтэй байгаасай гэж хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу