НЭМЭЛТ: 

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-д хүрэлцэн ирсэн талаар Японы хэвлэлүүд мэдээлэв. Тэрбээр өнгөрсөн Ням гаригт өөрийн тусгай хуягт галт тэргээр Пёньянаас хөдөлсөн бөгөөд түүнийг БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд болон цэрэг, армийн албан ёсны төлөөлөгчид дагалдан яваа талаар Хойд Солонгосын төрийн мэдээллийн агентлаг Мягмар гаригт мэдээлжээ.

ПЕСКОВ: ПУТИН, КИМ ЖОН УН НАР АЛС ДОРНОДОД УУЛЗАНА

НЭМЭЛТ: 

Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков ОХУ-ын Ерөнхийлөгч Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын уулзалт Алс Дорнодод болно гэж мэдээлэв. Путин яриа хэлэлцээний үеэр Ким Жон Унд хүндэтгэл үзүүлж, албан ёсоор оройн зоог барих юм байна.

Путин, Ким Жон Ун хоёрын яриа хэлэлцээ ойрын өдрүүдэд, ганцаарчилсан хэлбэрээр явагдах бөгөөд хэвлэлийн бага хурал хийхээр төлөвлөөгүй аж. Тэд хоёр талын олон салбарын хамтын ажиллагааны асуудал, бүс нутгийн байдал, олон улсын харилцааны асуудлыг хэлэлцэх юм байна.

Песков “ОХУ шаардлагатай бол БНАСАУ-тай НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний талаар хэлэлцэхэд бэлэн байна” гэж мэдээлэв.

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун есдүгээр сарын 10-ны үдээс хойш тусгай галт тэргээр Пёньянаас хөдөлж, ОХУ-ыг зорьсон байна. Энэ тухай тус Бүгд найрамдах улсын “Солонгосын дуу хоолой” радио станц мэдээлжээ.

Мэдээлэлд Ким Жон Уныг тус улсын нам, төр, зэвсэгт хүчний өндөр албан тушаалтнууд дагалдан явна гэж дурдсан байна. Тодруулбал, БНАСАУ-ын удирдагчийн гадаадад хийх айлчлалын бүрэлдэхүүнд тус улсын ЗГХЭГ-ын дарга Ким Док Хун тэргүүтэй удирдлагын гишүүд багтжээ.

KCNA: КИМ ЖОН УН УДАХГҮЙ ОХУ-Д АЙЛЧИЛЖ, ПУТИНТЭЙ ХЭЛЭЛЦЭЭ ХИЙНЭ

Өдгөө БНАСАУ ОХУ-тай зэвсгийн наймаа хийх гэрээнд гарын үсэг зурж магадгүй гэсэн болгоомжлол нэмэгдэж буй. Энэ үед Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун тун удахгүй ОХУ-д айлчилж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийх гэж байгааг Хойд Солонгос баталсан байна.

Өмнөд Солонгосын засгийн газрын албан тушаалтнууд өмнө нь Кимийн тусгай галт тэрэг Оросыг чиглэн хөдөлсөн бололтой гэж мэдэгдсэн ч тус галт тэргээр Ким зорчиж явсныг батлаагүй аж.

БНАСАУ-ын төрийн мэдээллийн төв агентлаг (KCNA) Даваа гарагт “Хүндэт нөхөр Ким Жон Ун айлчлалын үеэр нөхөр Путинтэй уулзаж, хэлэлцээ хийнэ” гэж мэдээлжээ.

Кремль мөн “Путины урилгаар Ким “ойрын өдрүүдэд” ОХУ-д айлчилна” гэж баталсан талаар Оросын мэдээллийн “ТАСС” агентлаг мэдээлэв.

Агентлагуудын мэдээлэлд, Кимийн ирэх цаг, дээд хэмжээний уулзалт хэзээ болох талаар дэлгэрэнгүй мэдээлэл гараагүй байна.

Кремль “Кимийн айлчлалын үеэр Хойд Солонгос, Оросын төлөөлөгчид хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хоёр орны удирдагчид ганцаарчилсан уулзалт хийх боломжийн тухай хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж нэмж мэдээлжээ.

Ёнхап агентлагт албаны хүн “Тагнуулын албаныхан Ким Жон Уныг тээвэрлэж явсан галт тэрэг Владивостокийг чиглэж буй мэдээлэл байна” гэж ярьжээ. Өөр нэгэн өндөр албан тушаалтан Ким Пёньяныг орхин, Оросыг зорьсныг баталсан байна.

Хэрэв галт тэрэг Оросын Алс Дорнодын Владивосток хотыг чиглэн явсан нь батлагдвал аялал 20 ба түүнээс ч дээш цаг үргэлжлэх ажээ.

“Нью Йорк Таймс” өмнө нь “Ким энэ сард Владивосток руу хуягт галт тэргээрээ зорчиж, Орост зэвсэг нийлүүлэх боломжийн талаар Путинтэй хэлэлцэхээр төлөвлөж байна” гэж мэдээлсэн билээ.

Мөн Оросын “Интерфакс” агентлаг “Ким ойрын өдрүүдэд Оросын Алс Дорнодод айлчлах төлөвтэй байна” гэж бүс нутгийн олон эх сурвалжаас иш татан мэдээлсэн байна.

Өмнөд Солонгосын Батлан ​​хамгаалах яам өнгөрсөн Даваа гарагт Ким, Путин нар дээд хэмжээний уулзалт хийх “боломжтой” гэж үзэж буйгаа мэдэгдсэн. Владивосток хотноо ирэх Ням гарагт эхэлж, дөрвөн өдрийн турш үргэлжлэх Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Ким, Путин нар дээд хэмжээний уулзалт хийж магадгүй гэсэн мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байх үед ийм дүгнэлт хийсэн байна.

Оросын хэвлэл мэдээллийн RTVI агентлаг “Хоёр улсын удирдагчид форумын үеэр уулзахгүй” гэж мэдэгджээ.

Хэрэв айлчлалын тухай мэдээлэл үнэн болох нь батлагдвал Ким Жон Уны сүүлийн дөрвөн жил хагас орчмын хугацаанд Орост хийж буй анхны айлчлал, “COVID-19” цар тахал дэгдсэнээс хойших хилийн чанад дахь анхны айлчлал болох юм.

Өмнөд Солонгос, АНУ, Япон аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаатай холбогдуулан Пёньян саяхнаас Москватай цэргийн харилцаагаа эрчимжүүлэхийг эрмэлзэх болсон гэж шинжээчид үзэж байгаа юм.

Өмнөд Солонгос, АНУ, Японы аюулгүй байдлын хамтын ажиллагаа нэмэгдэж байгаатай холбогдуулан Пёньян сүүлийн үед Москватай цэргийн харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж буй билээ.

Эх сурвалж: YONHAP
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу