Киргизстан улсын Бишкек хотод сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ 4 өдрийн турш болж өндөрлөлөө. Тэмцээний сүүлийн өдөр 79 кг-ын жинд Монгол Улсын тамирчин Ш.Батбаатар барилдаж хүрэл медаль хүртлээ. 

Тэрээр эхний тойрогт Украйны тамирчин Юкша Дмитрийг 10-0 оноогоор ялж, Туркын шигшээ багийн тамирчин Дондер Огузад 10-0-ээр ялагдаж, хүрэл медалийн төлөө АНУ-ын бөх Жонсон Эштен Генийг даралтаар цэвэр ялснаар Дэлхийн аваргын гурав дахь медалиа хүртлээ.

Ш.Батбаатар нь Дифлимпийн хошой хүрэл, ДАШТ-ий 3 хүрэл, Азийн АШТ-ий хошой хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм. Манай Улсаас Ө.Ууганбаяр дасгалжуулагчтай 4 тамирчин Бишкекийг зорьсон ба 65 кг-ын жинд Дифлимпийн аварга ОУХМ Н.Эрхэмбаяр Киргизтаны тамирчинтай барилдаж 17-20 оноогоор ялагдснаар тэмцээнээ өндөрлүүлсэн.

Харин 70 кг-ын жинд Д.Даваа-Очир шүүгчдийн алдаанаас болж оноолтод нэр нь ороогүй учир дэвжээнд гараагүй, 74 кг-ын жинд залуучуудын шинэхэн Дэлхийн аварга Н.Бат-Эрдэнэ насанд хүрэгчдийн ангилалд 74кг өрсөлдсөн ч медальд хараахан хүрсэнгүй.

Ийнхүү сонсголын бэрхшээлтэй иргэдийн чөлөөт бөхийн ДАШТ-ээс Монгол Улсын шигшээ багийн тамирчид залуучуудын Дэлхийн аваргын алт, насанд хүрэгчдийн Дэлхийн аваргын хүрэл медальтай эх орондоо ирэх юм.

Ц.ХОНГОР

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу