НЭМЭЛТ: 14:30 ЦАГ

Завсарлага дуусаж, шүүх хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд Ерөнхий шүүгч “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн хүсэлтийг хангахаас татгалзжээ. Өөрөөр хэлбэл, Б.Ганхуяг Ерөнхий шүүгчээс татгалзсан хүсэлтийг эс хүлээн авч, шүүх хуралдааныг үргэлжлүүлэхээр боллоо. 

Энэ үеэр шүүгдэгч Б.Ганхуяг “Хүсэлтийг хүлээн авч хэлэлцсэнд баярлалаа. Гэхдээ үүнтэй адил ялын тогтоол бас бичигдчихсэн байх. Шүүх бүрэлдэхүүн хараат бус, тунгалаг байх ёстой. Гэтэл шүүгч нар барьцаалагдсан байна. Барьцаалагдаагүй юм бол АТГ-аас лавлагаа бичиг ав. Энд намайг есөн сар хорилоо. Цаашид ч гаргахгүй юм байна. Гаргаж, иргэдэд миний үгийг сонсгохгүй юм байна. Намайг энд байлгах сонирхолтой хүмүүс байсаар байгаа юм байна.

Надад зургаан үйлдэл бий. Гэхдээ эд бүгд хүмүүсийг танилцуулсан асуудал. Намайг болон энэ хэрэгт холбогдсон бусад 10 хүнийг, мөн таныг улс төрийн золиос болгож байна. Бид энд золиослогдоод, тэд тэнд засаг, тамга, төртэйгөө үлдэж болохгүй. 

Ард түмэн жагсаал хийхэд хулхидаж тараасан. Нүүрсний хэргийн эзнийг барьчихлаа гээд 40 их наяд гэж, өчнөөн зүйл ярьчихаад, намайг жагсаалын асуудалтай холбож оруулж ирсэн. Надтай хамт 68 хүн орж ирсэн. Одоо би ганцаараа байна.

Надтай хамт шүүгдэж байгаа 11 хүний хэргийг та нар уншаарай. Гүйдэг хаалганы, модон хашааны хэрэг байна. 

Нүүрсний том толгойлогч нь Т.Аюурсайхан юм уу. Тэр надтай найз гэдгээсээ болж энд суух ёстой юм уу. Тэгвэл 76-г буулгаад, аваад ир. Бүгдийг нь энд суулгая. Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар Солонгост ор зарсан мөнгөө над дээр бичих юм уу. Эцэггүй хүүхэд байвал бүгдийг нь над дээр биччих гэдэг биз дээ. 

Намайг шоронгоос гаргачихвал, би гадаа гараад, үгээ хэлчихвэл маш олон хүний зүрх зогсох гээд байна. Яагаад намайг гаргахгүй байгаа юм бэ. Ингээд ярихаар маргаашаас бүгд мэдээлэл хийнэ, харж байгаарай. Хамгийн эхэнд дуугарсан нь хулгайч шүү.

Надаас есөн сарын турш нэг ч удаа байцаалт авсангүй. Би нэг ч хилс хэрэг хүлээхгүй. Намайг хялбаршуулсан журмаар хэргээ шийдүүлчих гэсэн. Би уурхайчдаасаа нэг ч нүүрс хулгайлаагүй. Тийм учраас би Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн нийт шүүгчдээс татгалзаж байна” гэлээ.


“ДААЛГАВАР БАЙГАА УЧРААС ЯМАР Ч ҮНДЭСЛЭЛГҮЙ ЗАХИРАМЖУУДААР ХОРЬЖ БАЙНА”

НЭМЭЛТ: 10 ЦАГ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.ГАНХУЯГ:

-Өнөөдөр 11 хүнд холбогдох хэргийг урьдчилан хэлэлцэж байна. Энэ хэрэг дотор надтай холбоотой зургаан үйлдэл байна. Тэдгээрийн дунд нэг шанага ч нүүрсний холбоотой асуудал байхгүй. Анх 2022 оны арванхоёрдугаар сарын 8-ны өдөр намайг цагдан хорьсон. Прокурорын тогтоолд баривчлах болсон шалтгааныг жагсаал цуглаан зохион байгуулсан, турхирсан, санхүүжүүлсэн гэсэн. Нийт есөн сарын хугацаанд надаас нэг ч мэдүүлэг аваагүй. Гэтэл дараа нь нүүрсний хэргийг гаргаж ирсэн. 50-60 нүүрстэй холбоотой хэрэг дээр мэдүүлэг авсан, нэг нь ч үлдээгүй. Бүх нүүрсний хэрэг гэдэг зүйл ард үлдсэн. Хаана үлдсэнийг нь мэдэхгүй.

Магадгүй ерөнхий шүүгчийн хэрэг ч АТГ дээр шалагдаж байж магадгүй. Тиймээс би шүүгчээс татгалзаж байна. Хоёрдугаарт, даалгавар байгаа учраас ямар ч үндэслэлгүй захирамжуудаар хорьж байгаа гэж харж байна. Учир нь, захирамжууд дээр зайлшгүй саатуулах эрх зүйн зүйл заалтуудыг дурдаагүй. Жагсаал цуглаан, нүүрс гэхчилэн.

Тухайлбал, 2023 оны тавдугаар сарын 5-ны өдөр н.Сувд-Эрдэнэ шүүгчээс миний цагдан хорихыг болиулсан. Цагдан хорихыг цуцалсан шийдвэр гаргаснаас хойш 10 минутын дараа прокурор хүсэлт гаргаад, захирамж нь албажаагүй байхад ерөнхий шүүгч ямар ч бичиг баримтгүйгээр давж заалдах шатны шүүх хурлаа шууд зарласан. Ингээд өмгөөлөгчид шүүгчээс татгалзаад, аргагүй эрхэнд хурал хойшилсон. Тэр хурал хойшилж, би гарсны дараа хурал үргэлжилсэн. Намайг үргэлжлүүлэн хорих хэргийн дугаар өөрчлөгдөж хуралдсан.

АТГ-ын комиссараас би өөрөө сонссон. Ерөнхий шүүгч гэх н.Халиун нь өөрөө АТГ-т шалгуулж байгаа гэж. Арай ч үгүй байлгүй дээ гэж бодож байлаа. Шүүгчийн хараат бус байдал гэж байх ёстой. Тиймээс эдгээр шалтгаан нөхцөлүүдийг харгалзаж, тодруулж өгөхийг би хувьдаа хүсч байна. Тиймээс н.Халиун шүүгч өөрөө сайн дураараа энэ хэргээс татгалзаж ажиллахыг хүсч байна. Тэгж байж Засгийн газрын төсөв, санхүү, хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах алба хэлтсийн санхүүжилт, эрх барьж байгаа хүмүүсийн хэргүүд, нүүрсний хэргийн зангилаа тайлагдах боломжтой.



НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ Б.ГАНХУЯГ НАРЫН 11 ХҮНД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

“Нүүрсний” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдсан УИХ-ын гишүүн асан, ХНХ-ын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг өнөөдөр буюу есдүгээр сарын 12-ны 09.00 цаг хүртэл хойшлуулсан. Үүний дагуу тус шүүх хурал Чингэлтэй дүүргийн ЭХАШШ-д болж байна.

ШУУД:

Л.ЗУЛ
Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу