АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден есдүгээр сарын 11-ний халдлагын ойн үеэр хэлсэн үгээ спортын амьдралынхаа талаарх хошигнолоор эхлүүлсэн байна. Тэрбээр зүүн эрэгт болсон ёслолын ажиллагаанаас хойш долоон цагийн дараа тайзан дээр гарч, 16 минутын турш хэлсэн үгээ бэйсболын тухай хошигнолоор эхлүүлжээ.

Байден “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Вьетнамд айлчилсныхаа дараа Аляскад очиж, цэргийн албаны хүмүүстэй уулзаж, мэдэгдэл хийсэн байна. Энэхүү арга хэмжээг Цагаан ордон цахим хуудсаараа шууд дамжуулан үзүүлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч эхлээд Аляскийн амбан захирагч Майк Данливид хандан “Засаг дарга бид хоёрт нийтлэг зүйлс бий. Бид хоёулаа Пенсильванийн Скрантоноос ирсэн. Намайг бөмбөг тоглож байхад тэр манай клубт тоглодог байсан ч болоосой. Хэрвээ тэр байсан бол би улсын шилдэг тоглогчдын нэг байх байсан даа” гэж инээн ярьжээ.

Алан хядагчдын барьцаалсан зорчигч тээврийн хоёр онгоц 2001 оны есдүгээр сарын 11-нд Нью-Йорк дахь Дэлхийн худалдааны төвийн ихэр цамхагийг мөргөж, бүрэн сүйрсэн билээ. Тэдний хяналтад байсан өөр нэг онгоц Вашингтон дахь Батлан хамгаалах яамны барилгын баруун жигүүрийг мөргөсөн.

Алан хядагчдын барьцаалсан дөрөв дэх зорчигч тээврийн онгоц Питтсбург (Пенсильвани) хотын ойролцоо унаж осолдсон юм. Албан ёсны мэдээллээр, есдүгээр сарын 11-ний аймшигт халдлагын улмаас Нью-Йоркт 2749 хүн, Вашингтонд 189 хүн, Пенсильванид 44 хүн тус тус амиа алджээ.

Эх сурвалж: DAILY MAIL
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу