АНУ-ын агуй судлаач Марк Дики Турк улсын Мерсин мужийн Морка агуйд “гацаж”, 12 хоногийн дараа аврагчид эсэн мэнд гаргаж аварсан байна. Тус улсын онцгой байдлын албанд агуй судлаач агуйд гацсан тухай дуудлага есдүгээр сарын 2-ны өдөр иржээ.

Өдгөө 40 настай Марк Дики судлаач олон улсын хайгуул хийж байхдаа 1040 метрийн гүнд хэвлий хэсэгт нь хүчтэй өвдөж, дотуур цус алдаж байгаа тухай мэдээлсэн байна. Түүнийг аврахын тулд Америк, Унгар, Польш, Румын, Украин, Турк зэрэг улсуудын 150 гаруй аврагч ес хоногийн турш ажиллажээ.

Аврагчид агуй судлаач Марк Дикиг өнгөрсөн Даваа гаргаас Мягмарт шилжих шөнө дундын үед эсэн мэнд аварч, нисдэг тэргээр Мерсин эмнэлэгт хүргэсэн байна.

Аврагдсаныхаа дараа агуй судлаач аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсан Туркийн Засгийн газар, ажиллагаанд оролцсон бүх аврагчид гүн талархал илэрхийлжээ.

Морка агуй нь 1.3 м орчим гүн бөгөөд Туркийн гурав дахь гүн агуйд тооцогддог аж. Дики 1990-ээд оноос хойш агуй судалсан бөгөөд Америкийн 20 гаруй муж, дэлхийн 10 гаруй улсад агуйн судалгаа хийсэн байна.

Эх сурвалж: REUTERS
Э.ЭГШИГЛЭН 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу