Монгол улсын хэмжээнд анх удаа дайчилгаатай болон орон нутгийн томилгоот нэгжтэй хамтарсан сургуулийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу Төв аймгийн нутаг дэвсгэрт зохион байгууллаа.   Тус сургуулийг Төв аймгийн 16 сумаас дайчилгааны даалгавраар татагдаж ирсэн 1600 гаруй цэргийн бэлтгэл үүрэгтэнд хүн нэг бүрийн бэлтгэл болон салаа, салбарын жигдрэлтийг хангуулж, өнөөдөр байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургуульд оролцуулсан юм. Сургуулилтад хамрагдсан цэргийн бэлтгэл үүрэгтнүүдийн хувьд 50 гаруй хувь нь 20-35, 40 гаруй хувь нь 36-45 насныхан байсан бол 10 орчим хувь нь 46-аас дээш насныхан эзэлж байгаа юм.
Хамтарсан сургуулийн хаалтын ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар, ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцож, цэргийн бэлтгэл үүрэгтнүүдэд баяр хүргэсэн юм.
2018 онд батлагдаж, 2022 онд шинэчлэгдсэн Орон нутгийн хамгаалалтын тухай хуулийн дагуу энэ жил анх удаа дайчилгаатай сургуулийг орон нутгийн томилгоот нэгжтэй хамтатган зохион байгуулснаараа онцлог байв. Өөрөөр хэлбэл, батлан хамгаалах тогтолцооны тулгуур үндэс болох төр, захиргааны байгууллага, нийт иргэдийн оролцоонд тулгуурласан орон нутгийн хамгаалалт, мэргэжлийн цэрэгт суурилсан Зэвсэгт хүчин, нэгдмэл удирдлага, төлөвлөлт бүхий дайчилгааг хамтатган шинэлэг арга хэлбэрээр явуулсанд ач холбогдол нь оршиж байгаа юм.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу