Монголын Үндэсний бөхийн холбооны тэргүүн Ц.Магалжав Допингийн эсрэг үндэсний төвийн үйл ажиллагааг шалгах бүх талын хамтын ажиллагааг эхлүүлснээ мэдэгдэж, өдгөө ид барилдаж байгаа болон өмнөх үеийн бөхчүүдээс энэ байгууллагын ажилчдын дарамт шахалт үзүүлж байсан баримтуудыг гарган өгөхийг хүссэн билээ. Мөн төрийн дэмжлэг хэрэгтэй байгааг ч мэдэгдээд буй.

Энэ талаар тэрбээр “Допингийн эсрэг үндэсний төвийг шалгуулах нь дан ганц Үндэсний бөхийн холбоо, түүнд харъяалагддаг бөхчүүдийн шахалт, шаардлага биш, хууль хүчний байгууллага, төрийн дэмжлэг нэн шаардлагатай байна. Эрх барьж буй албан тушаалтнууд, эрх мэдэлтнүүд зохих дэмжлэгийг үзүүлбэл үндэсний бөхөд хор хөнөөл болоод буй допинг гэх хорт ургамлыг үндсээр нь таслахад ихээхэн нэмэр тус болохоор байна.

Хориотой эм, бэлдмэл хэрэглэсэн зөрчил гаргаж, өөрийн буруугаа бусдад тохож, допингийн хяналт, шалгалтыг хийлгэхгүй байх жижиг хэмжээний шантаачлагчидтай үндэсний бөхийн холбоо хатуу тэмцэж ажиллана” хэмээн ярьсан. 

Тэрбээр эл ажлыг өмнөх жилүүдийн допингийн шинжилгээний хариуг бөхчүүдэд нээлттэй болгохоос эхлүүлжээ. Бөхчүүд допингийн шинжилгээний хариугаа Монголын үндэсний бөхийн холбооноос авч, танилцах боломжтой болсон байна.

Тодруулбал, Улсын начин Б.Ганхуяг одоогоос долоон сарын өмнө МҮБХ-нд хүсэлт гаргаж, 2002 оноос допингийн шинжилгээ өгсөн бүх бөхийн шинжилгээний хариуг Бөхийн холбоондоо авах саналыг хүргүүлсэн тухайгаа мэдэгдсэн. Бөхийн холбооноос ч түүний эл хүсэлтийн дагуу долдугаар сарын 5-нд Допингийн эсрэг Үндэсний байгууллагаас бүх бөхийн шинжилгээний хариуг авсан. Улмаар бөхчүүд шинжилгээний хариутайгаа өөрсдөө танилцах боломж бүрдүүлжээ. 

Энэ талаар Улсын начин Б.Ганхуяг “Цаг цагаараа байдаггүй, цахилдаг хөхөөрөө үргэлж байдаггүй нь сайхан даа. Бүх зүйл өөрийн гэсэн цаг хугацаатай. Олон аавын хүүгийн хүсэл мөрөөдөл, хүч хөдөлмөр, хөлс, цус, нулимсаар, гараа угаасан Допингийн эсрэг үндэсний төвийн нотой, ноцтой бүх булхай луйвар ил болоход улам бүр ойртсоор л байна. Өөрийн өгсөн шинжилгээнийхээ хариутай өөрөө танилцаж, өөртөө авах хүсэлт гаргаснаас хойш бүхэл бүтэн долоон сарын хугацаа өнгөрсний дараа өнөөдөр нэг юм гар дээрээ авлаа.

Гурван шинжилгээний бөглөсөн хуудас ирэх ёстой байтал зөвхөн 2022 оны долдугаар сарын 12-ны хуудас МҮБХ-нд ирсэн байна. 2016, 2017 оны бөглөсөн хуудас маань ирээгүй нь хачирхалтай.

2002 оноос хойших бүх бөхийнхөө шинжилгээний хариуг МҮБХ-доо авъя гэсэн хүсэлтийг маань дэмжиж бүх шинжилгээний хариуг авч чадсан МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав, МҮБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл болон Бөхийн холбооны нийт ажилчиддаа халуун талархал илэрхийлье.

Гэвч бид баярлахад арай эрт байна. Монгол бөхчүүдийнхээ эрх ашгийг хамгаалах үүрэгтэй МҮБХ маань цаашид Солонгос Улсын лабораториос эрх бүхий байгууллагаар уламжлан оригинал эх хувийг нь бөхийн холбоондоо авч, Допингийн эсрэг үндэсний төвөөс ирүүлсэн хариу үнэн зөв эсэхийг тогтоолгож, эндээс явуулсан шинжилгээний дээж тухайн бөхийн шинжилгээ мөн эсэхийг лабораторийн харьцуулсан шинжилгээгээр нотолж, олон жил бугшсан эцэс төгсгөлгүй допингийн хэрүүл маргаанд сүүлчийн цэг тавих зоригтой хөдлөх ганцхан алхам үлдлээ.

МҮБХ болон эрх бүхий байгууллагууд маань хамтран ажиллаж, монгол бөхийнхөө зүлэг ногоон дэвжээг Допингийн хар савраар салгаж бөх сонирхогчид болон үндэсний бөхөөр хичээллэж байгаа мянга мянган залуус хойч ирээдүйдээ цэвэр шударга өрсөлдөөний талбарыг үлдээнэ гэдэгт итгэж байна.

Удахгүй допингийн хүчээр бусдын хувь заяаг дээрэмдэгсэд, хүний хүч хөдөлмөрийг хулгай хийгчид ил тод болж, тэдний булхай луйврыг дарсан ДЭҮТ-ийн хүмүүс зохих хариуцлагаа хүлээх нь гарцаагүй.

Өөрийн ариун цагаан хүч, хөдөлмөрөөрөө амжилтад хүрсэн эрхэм бөхчүүд маань ч амжилтаа үнэлүүлэх үнэн мөн нь удахгүй тодорно. Өвөг дээдсийн бидэнд үлдээсэн үнэт өв соёлоо цаашид хамтдаа цэвэр ариунаар нь үр хойчдоо өвлүүлье.

Ташрамд дуулгахад, манай бөхчүүд өгсөн шинжилгээнийхээ хариуг МҮБХ очоод авахад ямар ч асуудалгүй байна лээ” хэмээн цахим хуудастаа бичжээ. 

Түүний энэ мэдээллийг дэмжиж, бусад бөхчүүд ч допингийн шинжилгээний хариугаа Бөхийн холбооноос авах талаараа мэдэгдээд байна. 

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

  1. Улс төрчид нэртэй луйварчид оролцдог нь тодорхой учир яаж ч чадахгүй лдээ Хүрэлбаатар Оюунэрдэнэ хоёрын золиос Обо одоо Архангайнхан улс төрд хүч муутай тэгэхээр Бадарч нэг ийм л байна

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу