-У.Хүрэлсүхийн Ерөнхий сайд байхдаа эхлүүлсэн ажил салхинд хийссэн үү-

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа бүх аймгийн Засаг дарга нарыг цуглуулж газрын баялгийг ухдаг, хуулийг уландаа гишгэдэг, ард түмнийг доромжилдог, эрх мэдлээ ашиглаж байгалийн баялгийг хууль бусаар ашиглаж байгаа нөхөдтэй хатуу тэмцэхээ илэрхийлж байсан цаг саяхан. Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2019 онд “Сэлэнгэ аймагт Мандал, Хүдэр, Ерөөд үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудын зөвшөөрлийг цуцла. Төрд төмөр нударга гэж байдаг гэдгийг харуул. Төрийн хууль зөрчвөл ямар ч олигархи бөхийдөг юм гэдгийг сануул. Бидэнд алт хэрэгтэй юм уу, эко систем хэрэгтэй юм уу. Эко системийг хамгаалахын төлөө ямар ч албан тушаалтан, ямар ч хууль дүрэм бөхийх ёстой. Эх оронд дайснууд байна. Энэ бол эко системийг нурааж, ард түмний мэдэлд байх газрыг хууль бусаар ухаж байгаа хүмүүс. Тэдэнтэй тэмцэх хэрэгтэй. Тэр бүхнийг зогсоо. Гол мөрөн чинь ширгээд дууслаа. Улс орон гэж байдаг юм бол замбараагүй уул уурхайтай тэмцэх ёстой. Эх орноо хамгаалах цаг болсон. Шаардлагатай гэвэл цэрэг армиа хөдөлгө” хэмээн хэлж, хариуцлагатай уул уурхай бий болгохыг хатуу сануулж байв. Энэ хүрээнд 2019 оны 12 дугаар сард Сэлэнгэ аймгийн 13 суманд  хайгуулын болон ашиглалтын 180 лиценз хүчин төгөлдөр байгаагаас 21 нь л хууль, журмыг дагаж, мөрдсөн үйл ажиллагаа явуулж байгаа талаар тухайн үеийн Байгаль орчны сайд Н.Цэрэнбат хэлж байсан.

Тэгвэл өнөөдөр Сэлэнгэ аймагт 206 лиценз байгаа талаарх тоон мэдээллийг цахим системээс харж болно. Тухайн үеийн Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ширээ шаан анхааруулсан хатуу анхааруулгын дор Сэлэнгэд уул уурхайн лиценз багасах бус улам нэмэгдсэн нь харагдана. Энэ бүхэнд хариуцлагатай уул уурхай бий болсон гэж үзсэн болохоор лицензийн тоо ийнхүү нэмэгдэв үү. Эсхүл У.Хүрэлсүхийн хэлсэн үгс утаа мэт замхарч угийн дураараа дарга нарын шийдвэр лицензийн тоог өсгөв үү. Хөндлөнгөөс харахад байгалийн баялгийг ухаж авсан компаниуд байгалийн нөхөн сэргээлтийн хийх бус алтыг нь аваад авдрыг нь хаяад явдаг дүр зураг одоо ч бий.

Бид энэ удаа Сэлэнгэ аймгийн Мандал суманд тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудыг цувралаар танилцуулах болно. Монгол Улсын хамгийн олон хүн амтай гэгддэг Мандал суманд сар шинийн өмнө 23 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байсан мэдээллийг ОҮИТБС-ийн цахим бүртгэлээс харж болж байв. Үүнээс алтны шороон болон үндсэн орд ашиглах 19, Барилгын материалын 3, төмрийн ордын 1 тусгай зөвшөөрлийг албан ёсоор олгосон байлаа. 

ОҮИБТС-ийн цахим системээс 2023.02.15-ны өдөр татаж авав.

Хэдхэн хоногийн дараа дахин цахим бүртгэлд хандахад хэд хэдэн компанийг тус бүртгэлээс хассан байсан юм. Өмнө нь 23 тусгай зөвшөөрөл эзэмшигч байснаас сүүлд 16 болон цөөрсөн байв. Эдгээрээс Гео Актив ХХК, ГАСҮМ Майнинг ХХК, иргэн Тогтохжаргал нарын тусгай зөвшөөрлийн хугацаа 2022 онд дууссан байна. Харин Тод-Ундрага ХХК, ДемсиТрейд ХХК, Говькараван ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусах болоогүй нь харагдана. Тиймээс энэ удаа бид тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусаагүй ч бүртгэлд нэр нь хасагдсан алтны шороон орд эзэмшигч компаниудын талаарх мэдээллийг хүргэж байна.

ОҮИБТС-ийн цахим системээс 2023.02.27-ны өдөр татаж авав.

Тод-Ундрага ХХК-ийн алтны шороон ордын зөвшөөрөл эзэмшиж байв

Тэгвэл сар шинийн баярын дараа ОҮИТБС-ийн цахим бүртгэлээс Нэргүй хөндий гэх газар 291.76 га-д алтны шороон ордын MV-00017573 дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан Тод-Ундрага ХХК-ийн бүртгэл хасагдсан байна. Тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2032.11.22-ны өдөр дуусахаар байв. Уг компани нь гадаад худалдаа, Ашигт малтмалын хайгуул, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Чойжамцын Оюунгэрэл Гүйцэтгэх захирлаар нь ажилладаг. Сүхбаатарын Оюундарьтай компанийнхаа хувьцааг хамтран эзэмшдэг. Тод-Ундрага ХХК нь хайгуулын 1, ашиглалтын 6 тусгай зөвшөөрөл эзэмшдэг байна. ОҮИТБС-ийн цахим бүртгэлд Мандал суманд эзэмшдэг тусгай зөвшөөрөл нь хасагдсан харагдах ч Улсын бүртгэлийн цахим системд тусгай зөвшөөрөл нь “Хүчин төгөлдөр” хэвээр байгаа юм.

Тод-Ундрага ХХК-ийн хувь эзэмшлийн талаарх мэдээлэл.
Тод-Ундрага ХХК-ийн хүчин төгөлдөр лицензүүдийн жагсаалт.

ДемсиТрейд ХХК Мандал суманд 3404.31 га алтны шороон ордтой

Мандал сумын Сайр-Уул гэх газар 3404.31 га-д алтны шороон ордын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч ДемсиТрейд ХХК-ийн бүртгэл ОҮИТБС-ийн цахим бүртгэлээс хасагджээ. Тус компанийн хувьцааг БНХАУ-ын иргэн Zhihong Wu болон Мөнхбатын Тэмүүжин нар эзэмшиж байгаад М.Тэмүүжин хувь эзэмшлээс хасагдсан байна. Zhihong Wu одоо тус компанийн захирлаар ажиллаж байгаа бол Сайр-Уул гэх газрын тусгай зөвшөөрөл нь “Хүчин төгөлдөр” гэсэн ангилалд байсаар байгаа юм. Тус компани мөн Дундговь, Дорноговь аймгийн дунд Холбоо цагаан гэх газар 1224.42 га-д хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Цэндсүрэнгийн хамаарал бүхий этгээдүүдийн Говькараван ХХК Тэрэгтэд лицензтэй байжээ

Мандал сумын нутаг Тэрэгт гэх газар Говькараван ХХК XV-00021832 дугаартай тусгай зөвшөөрлийг 66.57 га талбайд 2021 онд авсан бөгөөд 2024 онд хүртэл эзэмших байв. Байв гэсний учир нь ОҮИТБС-ийн цахим бүртгэлд хэдхэн хоногийн харагдаж байсан тусгай зөвшөөрөл өчигдөр бүртгэлээс хасагдсан байсан явдал юм. Говькараван ХХК-ийн хувьцаа эзэмшигч Тэрбишийн Говьдэлгэр, Борхүүгийн Гантулга, Жүгдэрнамжилын Эрдэмбилэг нар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд О.Цэндсүрэнтэй Монгол перлит констракшн ХХК-аар холбогддог. Тэд тус компанийн хувьцаа эзэмшигч юм. Тэдний хэлхээ хамаарлыг өмнө нь бичиж байсан билээ. Дэд сайд О.Цэндсүрэн болон хамаарал бүхий этгээдүүдийн талаарх нийтлэл 1-ийг ЭНД дарж уншина уу. Үргэлжлэл болох нийтлэл 2-г ЭНД дарж уншина уу. 

Мандал сумын Тэрэгт гэх газар лиценз эзэмшиж байсан Говькараван ХХК-ийн хувь эзэмшлийн мэдээлэл.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд О.Цэндсүрэн Говькараван ХХК-тай хамаарал бүхий этгээдүүдээрээ дамжин Монгол перлит констракшн ХХК-аараа холбогдож байв.

Мандал суманд үйл ажиллагаа явуулж буй компаниуд байгалийн баялгийг ашиглаад нөхөн сэргээлт хийж, орон нутагт ямар хөрөнгө оруулалт оруулсан бэ. Алтыг нь аваад байгалийн нөхөн сэргээлт хийсэн эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Аливаад, тэр дундаа төрийн ажилд хууль дүрэм, дэг жаяг, хорио цээр, энэ суманд амьдарч буй 27 мянган иргэний эрх ашиг гэж бий. Цуврал нийтлэлийн үргэлжлэлийг тусгай зөвшөөрөл нь хүчин төгөлдөр байгаа улс төрд нөлөө бүхий этгээдүүдийн компаниудаар үргэлжлүүлнэ.   

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу