Хүүхдүүд сургууль, цэцэрлэгийнхээ үдийн хоолноос хангалттай шим тэжээл авч чадаж буй эсэх асуудал хичээлийн шинэ жил эхлэх бүрд хөндөгддөг. Энэ жил ч мөн эцэг, эхчүүдийн зүгээс үдийн хоол чанаргүй байна хэмээн шүүмжилж буй. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн үдийн хоолны хөтөлбөрт шалгалт хийхээр болсон байна. 

Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар холбогдох албаныханд дараах үүрэг даалгаврыг өгчээ. Үүнд:

  • Нийслэлийн 2023-2024 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажлыг эрчимжүүлж, шаардлагатай нөөц бүрдүүлэхэд анхаарч, хэрэгжилтийн явц, үр дүнг танилцуулах.
  • Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үдийн хоол хөтөлбөрийн хүрээнд эрүүл ахуй, чанар стандартын шаардлагад нийцсэн баталгаат хүнсний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангах, хүнсний аюулгүй байдалд хяналт шалгалт зохион байгуулж, аравдугаар сардаа багтаан дүнг танилцуулах.
  • Нийслэлийн хэмжээнд байгаа хараа хяналтгүй болон хөдөлмөр эрхлэгч, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хамгаалах, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхэд рүү хандсан зөвлөмж, сургалтуудыг нэмэгдүүлэх ажлуудыг зохион байгуулж ажиллах.
  • Хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэхтэй холбогдуулан авто замын зорчих хэсгийн нэгдүгээр эгнээг бүрэн чөлөөлж, нийтийн тээвэр саадгүй зорчуулах, хөдөлгөөний зохицуулалт, аюулгүй байдал, зохион байгуулалтын ажлаа сайтар хангаж ажиллах.
  • Хорооллын дундах болон туслах замын эвдрэл гэмтэл болон авто замын тэмдэг, тэмдэглэгээг засварлах ажлуудаа эрчимжүүлж, дуусгах.
  • Хөрөнгө оруулалтын ажлуудын гүйцэтгэлийн хяналтыг нэмэгдүүлэх, барилга угсралтын бүх шатанд стандарт, технологийн норм нормативыг мөрдлөг болгох, хяналтын инженерүүдийг газар дээр нь тогтмол ажиллуулж, хяналт тавих зэрэг үүрэг даалгавар өгсөн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу