ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар Амар мужийн “Восточный” сансрын хөлгийн буудалд уулзжээ.

Ким Жон Уныг ОХУ, БНАСАУ-ын Засгийн газар хоорондын комиссын дарга, Байгалийн нөөц, байгаль орчны сайд Александр Козлов, ОХУ-ын ГХЯ-ны Улсын протоколын газрын дарга Игорь Богдашев нар угтан авсан байна.

Ким Жон Ун болон түүнийг угтан авсан хүмүүс улаан хивсэнцэр дээгүүр, хүндэт харуулуудын өмнүүр алхаж, лимузиндээ суусны дараа БНАСАУ-ын удирдагч тэргүүтэй төлөөлөгчид Оросын мэргэжил нэгтнүүдтэйгээ уулзахаар хөдөлжээ.

Оросын төрийн тэргүүн Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцохоор нэг өдрийн өмнө Приморье хотоос нисч ирсэн байна. БНАСАУ-ын удирдагч ОХУ-ын төрийн тэргүүнд эх орондоо айлчлахыг урьж, халуун дотноор хүлээн авсанд талархлаа илэрхийлжээ.

Хариуд нь ОХУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын удирдагчтай дахин уулзаж байгаадаа маш их баяртай байгаагаа илэрхийлсэн байна.

Владимир Путин БНАСАУ-ын даргад хандан “Бүгд найрамдах улс байгуулагдсаны 75 жилийн ой, Чөлөөлөх дайны ялалтын 70 жилийн ой, дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ой тохиож байна” гэж хэлжээ.

Путин, Ким Жон Ун нар нүүр тулсан уулзалт хэлэлцээ хийж магадгүй байгаа аж.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков өмнө нь хэлэхдээ, хоёр орны удирдагчид худалдаа, эдийн засгийн харилцаа, соёлын солилцоо зэрэг хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, бүс нутгийн болон олон улсын нөхцөл байдлын талаар өргөн хүрээнд санал бодлоо солилцох талаар мэдээлж байв.

БНАСАУ-ын удирдагч Ким, Путины урилгаар ОХУ-д есдүгээр сарын 12-нд хүрэлцэн иржээ. Түүний айлчлал албан ёсны статустай. Энэ утгаар протоколын практикт хамгийн өндөр зэрэглэлийн айлчлал болж буй юм.

Үүнээс өмнө Ким Чен Ун 2019 оны дөрөвдүгээр сард ОХУ-д ирж, Владивостокт Путинтэй хэлэлцээ хийж байв. Энэ нь тэдний анхны уулзалт байсан билээ. Удирдагч нар нүүр тулан уулзаж, төлөөлөгчдийн оролцоотойгоор ярилцсан. Путин БНАСАУ-аас мэргэжил нэгтнийхээ айлчлалыг тохиолдуулан албан ёсны хүлээн авалт хийсэн. Хэлэлцээний төгсгөлд хоёр орны удирдагчид хэвлэлийнхний сонирхсон асуултад хариулсан юм.

Путин Ким Жон Уныг БНАСАУ-ын тэргүүнээр сонгогдсонд баяр хүргэж, энэ оны долдугаар сард 1950-1953 оны Солонгосын дайн дууссаны ойг тохиолдуулан цахилгаан утас илгээжээ. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхийлөгч уламжлал ёсоор хамтран зүтгэгчдээ Солонгосын чөлөөлөлтийн баярын өдөр (наймдугаар сарын 15)-өөр баяр хүргэж байв.

Пёньяны мэдээлснээр, Ким Жон Ун мөн Путинд баяр ёслол, мартагдашгүй өдрүүд (жишээлбэл, Оросын өдөр)-ээр нь баяр хүргэж, цахилгаан утас илгээдэг байна.

Нэмж дурдахад, 2023 оны долдугаар сард ОХУ-ын Батлан ​​хамгаалахын сайд Сергей Шойгу Пёньянд ирж, Ким Жон Унтай уулзаж, Путины бэлгийг гардуулан өгчээ.

Эх сурвал: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу