Засгийн газрын өнөөдрийн /2023.09.13/ ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Хуралдаанаар Монгол Улсаас АНУ руу шууд нислэг үйлдэх хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийг эцэслэн баталжээ. 

Энэ талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Өнгөрсөн наймдугаар сард Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-д айлчлах үеэрээ “Опэн скай” буюу  АНУ, Монгол хооронд шууд нислэг үйлдэх хэлэлцээрийг байгуулсан. Үүнд АНУ талаас өндөр ач холбогдол өгч АНУ-ын ТНБД, Тээврийн сайд нар гарын үсэг зурж байсан. 

2002 оноос хойш хоёр улсын хооронд шууд нислэгтэй болох асуудлыг АНУ-ын талаас байнга тавьдаг байсан ч манай тал зөвшөөрдөггүй байсан. Харин өнөөдөр ийнхүү ахиц, дэвшил гарч байна. 

Ирэх оны хоёрдугаар улиралд багтаад АНУ, Монгол хооронд шууд нислэг үйлдэх бололцоотой болно. 

Цар тахлын өмнө АНУ, Монгол хооронд 60 мянган иргэн, 30-50 цаг зарцуулж нисдэг байсан. Тийзний үнэ 2,000-4,000 ам.долларын үнэтэй байсан. Одоо шууд нислэгийн үнэ 1,000-1,500 ам.доллар болж байна. Харин нислэгт зарцуулах цаг 10-12 цаг болж, 3-4 дахин буурна. 

Эхний ээлжинд АНУ-ын баруун эрэг буюу Монголчууд олноор амьдардаг Сан Франциско хот руу нислэг үйлдэнэ. Цаашид АНУ-ын аль ч хот руу нисэх бололцоотой болгоно.

Шууд нислэг үйлдэхэд АНУ-ын иргэний нисэх газраас тодорхой шаардлага шалгуурыг тавьдаг. Энэ шаардлагыг богино хугацаанд хийж хэрэгжүүлэх чиглэлд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллана” гэлээ.

Х.ТҮШИГ

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу