Орос-Монгол хоёр орны харилцаа өнө удаан жилийн түүхтэй. Гэвч харамсалтай нь, 1990 оноос хойших сүүлийн 30 жилийн хугацаанд энэ харилцаа зогсонги байдалд орсон. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа өмнө байгаагүйгээр уналтад орсон талаар өнөөдөр (2023.09.13) Дорнын эдийн засгийн чуулга-2023” уулзалтын үеэр Монгол-Оросын Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн дарга Халзхүүгийн Наранхүү мэдэгдэв.

Тэрбээр “Хоёр орны худалдаанд янз бүрийн үйл явцын улмаас онцгой хохирол учирсныг хэлье. Тэр тусмаа Монголын бараа, бүтээгдэхүүнийг ОХУ руу гаргахыг хориглосон, Оросын талаас импортын өндөр татвар ногдуулсан нь Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Энэ нь мэдээжийн хэрэг ноцтой саад тотгор болж, хамтын ажиллагааны бусад арга хэлбэрт ч нөлөөлж байна. Тиймээс ирээдүйн хамтын ажиллагааны тухай ярихын тулд эхлээд худалдаа, үнэ тарифын асуудлыг шууд шийдвэрлэх ёстойг хэлмээр байна” гэжээ.

Х.Наранхүү “Дэлхий дахины улс төр, эдийн засагт гарч буй томоохон ноцтой өөрчлөлтүүд нь манай бүс нутаг, тэр дундаа Орос, Монгол, Хятадад шууд нөлөөлж байна” гэж хэлсэн байна.

Чуулганд оролцогчид Орос, Монгол хоёр орны хил дамнасан, бүс нутгийн худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуулчлалын солилцоо зэрэг олон салбар дахь хамтын ажиллагааны хэтийн төлөвийн талаар хэлэлцэв.

Орос, Монголын худалдааны бараа эргэлт нэмэгдэж буй бөгөөд энэ оны эцэс гэхэд гурван тэрбум ам.долларт хүрэх төлөвтэй байна. Гэвч худалдааны тэнцэл туйлын тэнцвэргүй байгаа юм. Орос улс хүндрэлтэй асуудлуудаа шийдвэрлэж, монголчууд өөрсдийн бүтээгдэхүүнээ Оросын зах зээлд гаргах боломжийг нэмэгдүүлэх асуудлыг  ч хөндөн ярилцав.

Эх сурвалж: N1
Э.ЭГШИГЛЭН

1 сэтгэгдэл

  1. Гааль худалдааны татварыг харилцан тэнцүү байх явдлыг авч үзэхэд комисс ажиллах хэрэгтэй бн.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу