Засгийн газрын өнөөдөр (2023.09.13)-ийн ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “Газрын тос боловсруулах үйлдвэрт үүсээд байсан гацааг хэрхэн арилгаж, цаашид хэвийн үргэлжлүүлэх талаар Ерөнхий сайдын баг газар дээр нь ажиллаж, хэлэлцсэн асуудлуудаа өнөөдөр шийдвэр болгож баталгаажууллаа.

Газрын тосны үйлдвэрийн анхны санхүүжилт 2016 онд АСЕМ-ын үеэр Энэтхэгийн талаас нэг тэрбум ам.долларын зээл өгөхөөр амалж байснаас эхэлсэн. Улмаар 2019 оны арванхоёрдугаар сарын 20-нд УИХ-ын хурлаар 1.3 тэрбум ам.доллароор зээлийг соёрхон баталсан.

Харамсалтай нь, зээл батлагдсан ч цар тахлын нөхцөл байдал үүсэж, бүтээн байгуулалтын ажил саатсан. Төлөвлөж байсан хурдаараа гүйцэтгэж чадаагүй. Энэ оны нэгдүгээр сар гэхэд 1.3 тэрбум ам.доллароос дөнгөж 112 сая ам.долларыг л манай тал авч хэрэглэсэн.

Гэтэл гэрээний дагуу энэ оны нэгдүгээр сараас эхлээд аваагүй зээлийнхээ үндсэн төлбөр, хүүг төлж эхлэх шаардлага үүссэн юм. Тодруулбал, дөнгөж 112 сая ам.доллар авч, ашигласан хэрнээ нэгдүгээр улиралд багтааж 64.5 сая ам.долларын үндсэн төлбөр хийх асуудал үүсэж эхэлсэн. Улмаар зээлээ төлөөгүй тул дараа дараагийн санхүүжилт байхгүй болсон.

1 тэрбум 236 сая ам.доллароор EPC-1, EPC-2, EPC-3, EPC-4 гээд дөрвөн багцыг нийтэд нь багтаагаад, нэг бүхэл гэрээ хийгдсэн. Тэгэхээр энэ дөрвөн багцын бүтээн байгуулалт бүгд хийгдэх боломжгүйд хүрсэн. 

Тиймээс нэгдүгээр сард ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, яамд өөр өөрсдийн чиглэлээр үүрэг авч ажилласан. Манай яам зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах чиглэлээр Энэтхэг улсын “Эксим” банктай таван сарын хугацаанд хэлэлцээр хийсэн. Монгол Улсад суугаа Энэтхэгийн Элчин сайд биднийг сайн дэмжиж ажилласан. Үр дүнд нь бидний тавьсан хүсэлтийн дагуу гэрээний өөрчлөлтөө амжилттай хийлээ.

Наймдугаар сарын 17-нд Энэтхэгийн “Эксим” банкны удирдлагууд манай улсад ирэх үеэр гэрээнийхээ өөрчлөлтийг харуулсан. Ингэхдээ газрын тосны дөрвөн бүтээн байгуулалтын гэрээгээ тус тусад нь салгаж хийсэн. Аль нэгээсээ хамаарахгүйгээр тусдаа санхүүжилтийг нь шийдсэнээр бүтээн байгуулалтын ажилд саад учрахгүй гэсэн үг юм. 

Мөн инфляцтай холбоотойгоор бүтээн байгуулалтад тодорхой хэмжээний өсөлт гарахаар байна. Тиймээс зээлийн гэрээний нэмэгдсэн дүнг УУХҮЯ-ны дэргэдэх Эрдэс баялгийн үндэсний зөвлөлөөр оруулж баталсны дараа, зөрүү дүнг УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж, баталснаар төсөл цаашид үргэлжлэх юм.

2026 он гэхэд эхний байгууламж ашиглалтад орж, 2027 оноос эхний бүтээгдэхүүнээ гаргах боломжтой боллоо” хэмээлээ.

Х.ТҮШИГ

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу