Баянгол дүүргээс парламентад хоёр удаа сонгогдож, Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаад Ж.Ганбаатар Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар томилогдсон байдаг. Тэрбээр чихрийн наймаачнаас “Оргил” сүлжээ дэлгүүрүүдийг байгуулж, үнэтэй орон сууц барин, барилгын салбарт хүч түрэн орж ирсэн парламент дахь бизнесийн салбарын төлөөлөл гэхээс илүү бизнесээ хамгаалахаар сууж байгаа түшээдийн нэг.

Засгийн газрын өнгөрөгч хуралдаанаар Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэнг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд шилжүүлэн ажиллуулах шийдвэр гарчээ.

С.Магнайсүрэн Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар 2015 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа. Сайд Ж.Ганбаатар барилгын салбарт тасралтгүй олон жил үйл ажиллагаа явуулж буй. Тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд Баянгол дүүрэгт нэр дэвшихдээ сонгуулийн менежерээрээ С.Магнайсүрэнг ажиллуулж байсан юм.

Барилга барьдаг бизнестэй хүнийг парламентын босго давуулах гэж барилгын яамны ТНБД нь өөрөө гүйсэн гэсэн үг. Тэд ийм ойр явж ирсэн. Гэтэл өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болгоод, дэргэдээ авч ирэв. Хорвоо хоржоонтой гэж энэ. Ороо нь ороогоороо, жороо нь жороогоороо ийнхүү ашиг сонирхол нэгдэн, дөрөө харшуулж эхэллээ.

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, Шадар сайд С.Амарсайхан, ЗГХЭГ-ын дарга, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар Нийслэлийн ИТХ-д хамтдаа сууж, дэндүү ойр явж, шинэ цагийн “Хотын фракц”-ыг бий болгосон.

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, С.Магнайсүрэн нар Говь-Алтайнх. С.Амарсайхан, Ж.Ганбаатар нар уг гарвалаа хөөвөл Увсынх. Төрж өссөнөө дагахаар Налайхын хүүхдүүд. Дош дошоороо дамжин, ийнхүү улс төрийн дошин дээр хамтдаа гарч ирцгээж байна. С.Магнайсүрэн хэн хэнийх нь ашиг сонирхлыг хангах дундын хүн болж таарч байгаа юм.

Ж.Ганбаатар, С.Амарсайхан аль аль нь барилгын салбарт бүтээн байгуулалт хийсэн. Харин С.Магнайсүрэн барилгын яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан. Ашиг сонирхол хөндөгдөөгүй ирсэн гэвэл итгэх хүн гарахгүй л болов уу. Д.Амарбаясгалан нутгийн залуу С.Магнайсүрэнгээрээ дамжуулан тэдний бизнесийг дэмжиж байсан гэх өнцөг гарч ирж байна.

Д.Амарбаясгаланг нүүрсний JOKER гэдэг. JOKER-ийн найз нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар. Тиймээс Ц.Даваасүрэнтэй ойлголцож ажиллахгүй байсан С.Магнайсүрэнгээ ийнхүү Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам руу татсан байх юм.

Нүүрсний хулгайн хэрэгт нэр нь хамгийн их дуулдах болсон Д.Амарбаясгалангийн хувьд гандан буурахгүй, нутгийнхаа хүнийг “Хотын фракц”-ын төлөөлөгч Ж.Ганбаатарт даатгачихлаа. ЗГХЭГ-ын даргад ийм хэмжээний эрх мэдэл байлгүй яах вэ. Гэхдээ ийм том ашиг сонирхлын төлөөлөл болгон суулгаж болохгүй гэдгийг шударга ёсны тэмцэл хийж байгаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг нь мэдмээрсэн.

С.Магнайсүрэнгийн хувьд гэмгүй царай шигээ гэмгүй явж ирсэн гэвэл худлаа. Боловсролын зээлийн сангийн асуудал сөхөгдөхөд тус сангаас 16 мянган ам.доллар буюу одоогийн ханшаар 55 сая төгрөгийн зээл авч, Их Британийн Холборн коллежид суралцсан.

Хөгжлийн банкны асуудал хөндөгдөхөд С.Магнайсүрэн гэдэг танил нэр дахин гарч ирэв. Тэрбээр 2018 оны сүүлээс хойш дөрвөн жил орчим Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан. Хөгжлийн банканд хулгай нүүрлэсэн бол С.Магнайсүрэнгийн хариуцлагагүй үйлдэл үүнд шууд хамаарах ёстой биз дээ.

Хөгжлийн банкны дуулианы үеэр “Максрөүд” 17 тэрбумын зээлээ шууд төлсөн. С.Магнайсүрэн болон “Максрөүд” компанийн удирдлагууд болох Д.Ганбаатар, Д.Цэрэнжигмэд нар Говь-Алтайнхан гэдгээрээ холбогддог. Түүнчлэн С.Магнайсүрэнг Барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхад Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгчөөр Д.Цэрэнжигмэд ажиллаж байв.

Монгол Улсын Тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, Д.Ганбаатар, С.Магнайсүрэн нар хоббигоороо нэгддэг. С.Магнайсүрэн Говь-Алтай аймгийн “Алтайн хүлэг” морин спорт уяачдын холбооны тэргүүнээр ажиллаж ирсэн байх жишээтэй. “Макс” группын боссууд Хөгжлийн банкнаас 18 тэрбум төгрөгийн зээл авахад Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүн С.Магнайсүрэн нөлөөлөөгүй гэх баталгаа алга.

Ийм л хүн яам яам сэлгэн, дарга хийсээр байна. Ингэхдээ ашиг сонирхлын зөрчил үүсэж болох хүмүүсийнхээ дэргэд, ашиг сонирхлын зөрчил үүсэж мэдэх хүнээр дэмжүүлэн явж байгааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эрх биш анзаарч л суудаг байлгүй дээ. Ямартай ч Д.Амарбаясгалан, Ж.Ганбаатар, С.Магнайсүрэн нар Шадар гурван цэрэг шиг хэлхээ хамааралтай явж ирсэн юм шүү.

Э.ТЭРГЭЛ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу