Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын үеэр Буриадын Аялал жуулчлалын сайд Алдар Доржиев “Орос, Монгол, Хятад гурван улсын “Цайны их зам” брэнд хөгжүүлэх хил дамнасан аялал жуулчлалын тухай хэлэлцүүлэг БНХАУ-ын Хубэй мужийн Ухань хотод удахгүй болно” гэж мэдээлжээ.

Тэрбээр “Гурван улсын сайд нар ирэх сард Ухань хотод уулзаж, “Цайны их зам” брэндийн талаар хэлэлцэнэ. Бид энэ брэндийг сурталчлах хамтарсан үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулна. Энэ ажилд бид маш сайн бэлтгэх хэрэгтэй” гэж ярьсан байна. Түүний хэлснээр, Хятадын тал уг төслийг хэрэгжүүлэх сонирхолтой байгаа аж.

ӨМӨЗО-ы Хөх хотод есдүгээр сарын 6-наас 10-ны өдрүүдэд болсон Хятад-Монголын экспод БНХАУ-ын олон бүс нутгийн төлөөлөгчид Орос, Монгол Улстай энэ чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ.

Түүхт “Цайны их зам”-ын олон зам өдгөө худалдаа, аялал жуулчлалын чиглүүд бүхий авто зам, төмөр зам болж өргөжсөн. Энэ замын дагуу янз бүрийн эрин үед хамаарах, олон  үндэстэн, ястны түүхэн дурсгалт газрууд бий. Цайны их замын соёлын өвөрмөц онцлог нь цай чанах, хэрэглэх уламжлалтай холбоотой.

А.Доржиев “Энэ маршрутаар Балтын тэнгис, Санкт-Петербург, Москва, ОХУ-ын Алтан цагариг хотууд, Сибирь, Байгал нуур, Буриад, Хиагт, Улаанбаатар, Монголын хээр тал, Хөх хот, Бээжин, Хятадын өмнөд хэсгийн цайны тариалан, Шар тэнгис гээд гурван улсын алдартай аялал жуулчлалын бүс нутгуудаар аялах, амрах бүхий л боломжийг ашиглах боломжтой. Цайны замаар цаашлаад Зүүн өмнөд Азийн орнууд руу аялж болно” гэж  онцоллоо.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу