Бэрх тосгоны захиргаанд галчаар ажлынхаа гарааг эхлүүлж байсан нөхрийг хожим Монгол Улсын Ерөнхий сайд болчихно чинээ санаагүй биз. Галчийг галч л гэж харахаас Ерөнхий сайд гэж хэн ч харахгүй. Хэдийгээр эр хүний цээжинд эмээл, хазаартай морь багтдаг гэдэг ч галч Л.Оюун-Эрдэнийн хувьд арай ч тэгж цээжиндээ багтааж яваагүй байх. Юм гэдэг сонин. Эгзэг нь таарвал хаашаа ч эргэж болдогийг түүнээс харж болно. Өнөөдөр тэр Гүйцэтгэх засаглалын тэргүүний суудал дээрээс Хэнтий аймгийг төсвөөс “угжиж”, суудлаа хэрхэн яаж хамгаалах тухай толгой гашилгаж сууна. Юун улс орон, ард түмэн. Тэгээд ч тэр нэг аймгийг л “угжих” хэмжээний чадвартай болохоос бус  Монгол Улсыг “угжих” хэмжээний хүн биш гэдгийг учир мэдэх хүмүүс хэлээд байна. Магадгүй түүний бодлого, шийдвэр, төрсөн нутагтаа оруулж буй хөрөнгө оруулалтаас ийн харж болох.

Түүний явуулж байгаа бодлого дагаж, ардчиллын түүхэнд байхгүй муу Засгийн газар ажиллаж байна гэх шүүмжлэл өрнөх болов. Яагаад гэхээр Л.Оюун-Эрдэнэ өөрийгөө Ерөнхий сайдын суудалд удаан байлгах гэж танхимаа шантаажчдаар дүүргэж, “Шинэ сэргэлтийн бодлого” гэх сүрхий лоозон оройдоо залчихаад хаашаа ч үгүй сууна. Энэ бодлого хэрэгжих нь бүү хэл эхлэх ч боломжгүйг танхимынх нь бүрэлдэхүүнээс харж болно. Суудлаа хамгаалах зорилгоор удаа дараа зузаатгасан танхим нь 22 сайдтай, түүхэндээ хамгийн өнөр багаар ажиллаж байна. Өөрөө бүү хэл өрөөлөөс нь эхлээд улс төрд байж болох хамгийн эрх ашгийн зөрчилтэй нөхдүүдээр танхимаа бүрдүүлж, салбар хариуцуулж байгаагаас нь харвал энэ улс хөгжихийн тулд бус хэдэн хүн л засаглаж суух санаархал төдий л харагдаад байгаа юм.

Дээр нь дэд сайдуудыг нэмэхээр 40 гаруй сайдтай “хүчирхэг” Засгийн газар өмнө нь байсангүй. Дэлхийн бусад оронд байсан эсэхийг мэдэхгүй. Бараг л үгүй болов уу. Ард түмэндээ хатуу нударга болж буудаг өнөөх “Хэмнэлтийн тухай хууль” нь ч лөөлөө боллоо. Дэл сул гадуур явсан хүмүүст Спортын сайд, Утааны сайд, Боомтын сайд гэхчилэн өрх бүрийн сайдаас бусдыг томилоод авав. Үүний 80 орчим хувь нь буюу Ц.Даваасүрэн, Б.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун нарын хэцүү нөхдүүд, Г.Сайханбаяр, Б.Батцэцэг, Ч.Номин нарын 10 гаруй хувь нь УИХ-ын дарга, Ерөнхийлөгчийн гээд явахаар Л.Оюун-Эрдэнэд Х.Нямбаатараас өөр тушаалыг нь дагах сайд байна уу, үгүй юу. Ганцхан хуулийнхаа сайдыг л “Нохойд барьдаг мод” шиг шоундаа зарцлахаас өөрцгүй. Ийм л бүтэцтэй зүдэрсэн Засгийн газар хэрхэн яаж ажил хийх юм. Ерөнхий сайд маань хэрдээ л сайдуудынхаа дээлийг нь давхарлаж, парламентад хүчтэй болгох гэж байгаа ч цагаа тулахаар өөрийнх нь талд бат зогсох сайд хэд байх бол.

Одоо Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын бүтцийг харахаар концесчин, тендерчин, авлигачин, нүүрсчин, банк дээрэмдэгчид гээд тэр чигээрээ худалч хулгайч нараар дүүрчихсэн. Ийм Гүйцэтгэх засаглалтай улс орны амьдрал хэрхэх нь тодорхой. Уг нь гадаад дотоодод боловсрол эзэмшиж, төрийн агентлаг газраас эхлээд дэд сайдын алба хашиж, УИХ-д хоёр удаа сонгогдсон Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэнгээс эхлээд энэ засагт түшиц болох залуус парламентад цөөнгүй бий. Тэднийг танхимдаа урьж ажиллуулах урилга хүргүүлсэн ч татгалзсанаас нь харвал хүн нэрээ тогос өдөө гэдэг шиг халтайж унасан балчиг намаг шиг засагт сайд болж доошоо орохгүй гэж шийдсэнээс харж болно. Галчийн засагт гачгаар хийснээс гадуур чөлөөтэй сул байхыг илүүд үзэж гэж харж болохоор байна. Тийм ч учраа муу муугийн жишиг болсон Засгийн газарт орж ажиллахыг хүсдэггүй бололтой.

Ерөөсөө хүн өөрөө ямар замаар өндөрлөгт гарч ирснээсээ шалтгаалан, ихэд айдастай ажилладгийг Ерөнхий сайдын танхимаа зузаатгаж, өөрийгөө хамгаалж байгаагаас бэлхэн харж болно. Түүний улс төрд өндөр авсан шалтгаан нь тун базаахгүй. Хажуу бөөрөндөө нааж явсан УИХ-ын дарга асан М.Энхболдыгоо “60 тэрбум”-ын хэмээн зарлаж, өөдөөс нь харж сууж байгаад суудлаас нь буулгаад авсан ширэн нүүртэй нөхөр. Өндөр дээд суудал, том эрх ашиг харсан хүн ч өргөж тэтгэсэн ах нар бүү хэл төрлөө ч хайрладаггүй жишээг Л.Оюун-Эрдэнэ сайдаас харж болно. Тиймдээ ч нутгийн ах У.Хүрэлсүх нь төлөвлөгөөний дагуу Ерөнхийлөгчийн сонгуульд бэлтгэх замаар Ерөнхий сайдаас огцорч, шуудхан л “дүү”-гээ Ерөнхий сайд болгов.

МАН-ын XXX Их хурлаар бараг 100 хувийн саналаар Л.Оюун-Эрдэнийн бүрэн эрхийг баталгаажуулж, дэлхийн түүхэнд шинэ дээд амжилт тогтоосон. Үүний дагуу 100-120 их наяд төгрөг шаардагдах бодлого гаргаж тавиад чамгүй хугацаа өнгөрлөө. Өдгөө эргээд Ерөнхийлөгчтэй ноцох замаар ажиллаж байна. Ингэхдээ эрх ашгийн төлөө тэмцэж явсан Х.Нямбаатар, Т.Аюурсайхан нарыг “Шударга ёс” хэмээх нэрээр залж, танхимдаа багтаалаа. Одоо тэр шударга ёс нь хаана байна. Т.Аюурсайхан гэхэд нүүрсний хулгайн хэрэгт ойр орчмынхоо хүмүүсийг барьж өгчихөөд өөрөө “Энхийн цагаан тагтаа” болчихсон суугаа ганцхан жишээ дурдахад л хангалттай. Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгчихөөд байхад нь сайдаас нь ч чөлөөлчихөж чадахгүй гайхшаа бараад сууж байх юм.  

Шударга ёсыг хэрэгжүүлэгч маань Ерөнхий сайд болсон даруйд Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгчдийг зарлаж, хариуцлага тооцно гээд нэг жил болсон ч ахиц гарсангүй. Баахан хүмүүсийг бөөгнүүлж шүүх хурал маягтай юм үргэлжилж байна. Улмаар “Даахгүй нохой булуу хураана” гэгчээр Хөтөлийн цемент шохой, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг тус тус төрд буцаан авсан, ямар ч ахиц гарсангүй. “Сахил хүртээл шал дордов” гэгч болсон. Нам дамжсан нэг нөхөр Хөтөлийн үйлдвэрийг ямар болгосныг хэлүүлэх юун. Өнөөдөр нүүрсний хулгайчийг илрүүлнэ хэмээн үзэж байгаа ч хэдэн жараахайтай ноцолдохоос үл хэтэрнэ.

Шударга ёс нэрийн дор “5 Ш ажиллагаа” гэх шоу зохион байгуулахдаа шүүхийн байгууллагаар эцэслэн тогтоогдоогоогүй гэм хоргүй хүмүүсийн нэрсийг гэмтэн мэт зарлуулаад зогсохгүй бүр баривчилж саатуулах хүртэл дөвчигнөж байна. Гэхдээ авлига албан тушаалын хэргээс ангижрах ёстой гэдэг нь чихэнд чимэгтэй сонсогдоно. Начир дээрээ яаж хэрэгжихийг мэдэх юм алга. Өөрийнх нь хэлснээр өөртөө л баахан дайсан бэлдсэн гэх. Дайтаж дайтаж эцэст нь тугаа булгаад сууж байх вий. Саяхан нэвтрүүлэгт орохдоо хэд хэдэн нэр зарлаад авна лээ. Шүүхээр гэм буруутай нь тогдоогоогүй хэнийг ч гэм буруутайд үл тооцох хуулийн дээгүүр улсын яллагч аятай аяглаад өнгөрөв. Хэдийгээр гэмт хэргийн тухай сөхөж мэдээлж байгаа ч өнөөх шударга ёс хэмээх шоу гэдгийг юу юунаас харж болно. Гэмт хэрэг өдүүлсэн эцсийн эзэд нь өөрийг нь улс төрд өргөж тэтгэсэн ах нар, өндөр эрх мэдэлтнүүд учраас тэдэнд хүрээд замхарна. Түүний шударга ёс тэднийг мөргөснөөр дуусгавар болох байдал ч ажиглагдаж эхэллээ. Ерөнхий сайдын энэхүү шоуны хөлд гэм зэмгүй хүмүүс нэр төрөөр сэвтэж, эрүүл мэнд бусад зүйлээр хохирч байгааг нийгэм шүүмжлэх болов.

Аргагүй л “Бэрх”-ээс тодорсон “бэрх” сайд гэдгийг гаргаж буй явуургүй бодлого, бусад үйл ажиллагаанаас нь харж болно. Монгол төрийн зарчим, ёс суртахууныг бий болгохын тулд ажилладаг “бэрх” сайд баймаар байна. Одоогоор сөрөг хүчиндээ “бэрх” л сайд байх юм. Тосгоны сайдаас улсыг чиглүүлэгч том сайд болох хэрэгтэй шүү. Ганзага хоосон ганц нэг гадаад айлчлалаас илүүтэй гарч чадахгүй байна. Ах Б.Баатарынхаа хэдэн бөхчүүд оруулсан нэвтрүүлгийн найруулгаас гарч улсаа бодох цаг болоогүй юм уу, Ерөнхий сайдаа. 

Э.БОЛД

1 сэтгэгдэл

  1. Уншвартай сайхан нийтлэл болжээ. Чөлөөт сэтгүүл зүйг буцаан авчирч буйд талархал илэрхийлье!

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу