Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан-Уул аймагт ажиллах үеэрээ Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа.

Энэ үеэр тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгахыг үүрэгдэв.

Мөн ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо.

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын хуучин хоёр эгнээг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ автозам барьж байгаа билээ.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, барилгын ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.

Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ автозамаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны  аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж байна, 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу