“Би барилга дээр ажиллаж, эхнэр маань дөрвөн хүүхдээ хараад амьдрал болоод л байсан юм. Гэтэл үерт байшингаа урсгаж, нэг муу жижиг машинаас өөр өөрийн гэсэн юмгүй үлдлээ. Амьдрахад улам л хэцүү болж байна. Боломж олдвол гэр бүлээ аваад, гадагшаа явах юмсан”. 30 дөнгөж гарч яваа залуу ингэж ярив. Болгоё, бүтээе гэж чадахаараа хичээдэг ч тэр энэ удаа шантарчээ. Гэсэн ч дөрвийн дөрвөн хүүхдийн эцэг болохоор амьдралын төлөө цуцалгүй тэмцэж, хэдэн хүүхдээ өвлийн хүйтэнд дааруулахгүй гээд ажлаа орхин, байшин барьж байна.

Өнгөрсөн наймдугаар сарын 5-нд орсон аадар борооны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчмын 360 айл үерт автаж, үүнээс 47 нь орон гэргүй болсон билээ. Эдгээр айлуудын эхний 20-д Баянзүрх дүүргийн 21-р хорооны Богдын даваа орчимд газар олгож, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын нөөц хөрөнгөөс таван ханатай, иж бүрэн тавилгатай гэр өгсөн. Энэ 20 айлын нөхцөл байдал хэр байгаа талаар бид өмнө нь сурвалжилга бэлтгэн хүргэсэн билээ. /Сурвалжилгыг ЭНД дарж үзнэ үү/

Энэ удаа бид үерт өртөж, их хэмжээний хохирол амссан айлуудын нөхцөл байдлыг сурвалжиллаа.

Бид аливаа асуудлыг тухайн үед нь шуураад өнгөрдөг байж болохгүй. Эрх баригчид гаргасан шийдвэрээ хэрэгжүүлсэн эсэхийг хянаж, алдаа байвал засаж, залруулахыг шаарддаг байх хэрэгтэй. Тиймээс бид үерийн дараах нөхцөл байдлыг цувралаар сурвалжилж буй нь энэ юм.

“Сар гаруй машиндаа унтаж, хашааны буланд хоолоо хийж идсэн”

Үерт байшингаа урсгаж, орон гэргүй болсон залуу хосынд очлоо. Тэд ам бүл зургуулаа. Үерээс хойш дөрвөн хүүхдээ айлд байлгаж, өөрсдөө машиндаа амьдарч, өдөр хоногийг аргацааж байжээ. Хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь явуулах шаардлагатай болсон тул найзаасаа гэр гуйж, саяхнаас хүүхдүүдтэйгээ хамт амьдарч эхэлсэн байна. 

Тэрбээр “Эхнэр бид хоёр машиндаа сар гаруйн турш амьдарсан. Хашааныхаа буланд модоор амбаар барьж, хоолоо хийж иддэг байлаа. Бага хүү маань гурван настай, дундах хоёр нь нэг, хоёрдугаар анги. Харин том охин маань есдүгээр анги. Юмны учир мэдэх учир охиноо ахындаа түр байлгаж, хичээлд нь явуулж байна. 

Наймдугаар сарын 10-д гаргаад байшин барьж эхэлсэн. Хүйтний эрч нэмэгдэхээс өмнө нэг байшин бариад орчихъё гэж бодож байна. Ах дүү, найз нөхөд маань туслаад, хуучин байшингаасаа үлдсэн ашиглах боломжтой мод, банз зэргийг ашиглаад барьж байна. Байшингаа босгоод авчихвал доторх эд хогшил нь хамаагүй. Гудас дэвсээд ч болтугай унтчихна. Гол нь хүүхдүүдээ дааруулахгүй, дулаан өвөлжүүлж байвал болох нь тэр. 

Уг нь сайхан амьдарч болоод л байсан. Одоо бол үнэндээ чанга болж байна шүү. Сар гаруй ажил хийсэнгүй. 

Хүмүүс биднийг сошиалаар “үерийн аман дээр буусан, хохь нь” гэж шүүмжилж байна лээ. Энэ газар миний өмчлөх эрхтэй газар. Мөн дэд бүтэцтэй байхад яагаад үерийн ам болдог юм. Төр өөрсдөө үерийн аман дээр газар олгож, дэд бүтэц хийхгүй байлгүй дээ. Тийм болохоор би энийг үерийн ам гэж бодохгүй байна” гэлээ. 

“Үерийн дараа дарга нар ирсэн ч түүнээс хойш сураг чимээгүй болсон”

Баянзүрх дүүргийн ИТХ-аас үерт их хэмжээний хохирол амссан айлуудад 5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх талаар өнгөрсөн наймдугаар сарын 11-нд мэдэгдэж байсан. Энэ тусламж, дэмжлэгийг өгсөн эсэхийг тодруулахад тэрбээр “Мөнгө төгрөг өгөх нь байтугай үерээс хойш нэг ч удаа хог ачаагүй. Бүх гудамжинд хог овоорчихсон байна. Ариутгал, цэвэрлэгээ ч хийгээгүй, лаг шавартайгаа л байна. Өвчин тусах магадлал маш өндөр. Ер нь дарга нар тухайн үедээ хэвлэлд яриад л орхичихдог юм байна.

Төр засгаас “Надад мөнгө өгөөч, би байшингаа барья” гээд байгаа юм биш. Дарга нар худлаа ярьж байгаад л маш их бухимдаж байна. Хийж байгаа ажлаа үнэнээр нь л ярьдаг байх хэрэгтэй. Нийгэмд буруу ойлголт төрүүлээд байна шүү дээ. 

Сарын өмнө л нэг айлд 5 сая төгрөг өглөө, хохирлыг нь шийдчихлээ гэж яриад, иргэдийг төөрөгдөлд оруулсан. Ингэж худлаа ярьж байгаа нь бидэнд гай болж байна. Хөөрхий, хорооныхон маань 5 сая төгрөг нь ороод ирвэл гэр, хашаагаа янзалчихъя, шалаа сольчихъё гээд хүлээж байна” гэлээ. 

Орох оронгүй, идэх хоолгүй гадаа хоноглож байгаа хүн олон байна

Үерт өртөж, их хэмжээний хохирол амссан иргэдэд таван сая төгрөг олгохын тулд үерт өртсөн үеийн зураг, Онцгой байдлын газрын лавлагаа зэргийг бүрдүүлж өгөхийг шаардсан байна. Улмаар эдгээрийг нь өгсөн ч дундаасаа алга болсон учир дахин бүрдүүлж ир гэж нэхжээ.

Энэ талаар оршин суугч Н (өөрийнх нь хүсэлтээр нэрийг нь нууцлав) дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр “Орох оронгүй, идэх хоолгүй гадаа хоноглож байгаа хүн олон байна. Дүүргээс ийм өрхүүдэд яаралтай 5 сая төгрөг өгнө гэсэн. Гэтэл сар гаруй хугацаа өнгөрчихөөд байхад сураггүй л байна. Аргаа бараад өнөөдөр дүүргээс очиж асуутал “Таны бичиг баримт алга. Үерийн үеэр авч байсан судалгаа л байна. Та бичиг баримтаа эхнээс нь дахиад бүрдүүлж өгөх хэрэгтэй” гэж хэллээ. Ийм хариуцлагагүй байж болохгүй шүү дээ” хэмээн учирласан юм.

“Дүүргээс иргэдийг дуудаж, дансыг нь авч байна”

Баянзүрх дүүргийн 21-р хорооны Засаг дарга Н.Эрдэнэзаяагаас энэ асуудлын талаар тодруулсан юм. 

Тэрбээр “Үерт өртсөн айлуудын мэдээллийг дүүрэг рүү явуулсан. Дүүргийн ИТХ хуралдаж, батлаад, үерт өртсөн айлуудад таван сая төгрөгийн тусламж үзүүлье гээд ажиллаж байна. Энэ чинь өнөө маргаашдаа шууд шийдэгдэх асуудал биш.

Ямар ч байсан бид ажлуудаа хийгээд явж байна. Дүүргээс иргэдийг дуудаж, дансыг нь авч байна” гэсэн мэдээллийг бидэнд өгсөн. Үерийн үеэр гэрэлтүүлгүүд унаж, урссан асуудал бий. Бид эхнээс нь засаж, янзлаад явж байна” гэсэн тайлбар өглөө. 

Х.ТҮШИГ

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ: 

                     

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу